МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын хувьд ирээдүйн ажил, мэргэжлээ сонгох нь нэн хариуцлагатай шийдвэр байдаг. Мэргэжлээ сонгоно гэдэг нь өөрийн хүсэл сонирхол, чадавх, боломжоо таньж мэдсэний үндсэн дээр мэргэжлүүдийн талаарх мэдлэгтээ тулгуурлан ирээдүйн ажил, мэргэжлийн талаар үндэслэлтэй шийдвэр гаргах явдал юм.

Таны сонирхож байгаа мэргэжил:
- сонирхдог, хийх дуртай ажил үйл байх;
- чадавх, боломжид тохирсон байх;
- ирээдүйн мэргэжлийн болон амьдралын төсөөлөл, төлөвлөгөөтэй нийцэж байх ёстой.
Сурагчид сонирхол, чадавхаа төдийлөн харгалзахгүйгээр, зөвхөн мэргэжлийн нэр хүнд, цалин хангамж зэрэг гаднах шинжид нь хөтлөгдөн мэргэжлээ буруу сонгох явдал их байдаг. Хүсэл сонирхолдоо нийцээгүй мэргэжил сонгосон хүн амжилт бүтээл гаргах нь бага байдаг ба ажилдаа сонирхолгүй болж, цаг хугацаа, боломжоо гарзадсаны эцэст өөрт тохирох ажил мэргэжил дахин хайхад хүрдэг.

Мэргэжлээ сонгох нь Нэгдүгээрт, ирээдүйгээ төсөөлж, төлөвлөж байгаа хэрэг юм. Сонголт хийх үед “Би цаашдаа ямар мэргэжил эзэмшиж, ямар ажил хийж амьдрах вэ?”, “Мэргэжлээ эзэмшихэд ямар хүндрэл, саад тотгор учирч болох вэ?” гэсэн асуултуудтай тулгардаг. Хоёрдугаарт, өөрийгөө шинжиж, цэгнэж байгаа явдал юм. “Надад ямар чадавх, боломж байна вэ?”, “Мэргэжил эзэмших зорилгодоо хүрэх замд тохиолдох бэрхшээлийг даван туулахад би бэлэн байна уу?” зэрэг асуултууд зүй ёсоор урган гардаг.

 

МЭРГЭЖЛИЙГ ҮНДЭСЛЭЛТЭЙ СОНГОХ 7 ЗӨВЛӨМЖ:


1. Мэргэжлүүдийн талаар мэдлэг олж авах. Мэргэжлүүдийн төрөл нь олон янз, тооны хувьд бидний төсөөлдгөөс хавьгүй олон байдаг. Мэргэжлүүдийн талаарх хамгийн үнэ цэнэтэй мэдээллийг тухайн мэргэжлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд, мэргэжил олгох сургуулийн багш нар өгдөг.

2. Мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлоо таньж мэдэх. Хүн өөрийн сонирхдог, өөртөө таалагддаг ажилдаа илүү их амжилт гаргадаг. Мэргэжлээ сонгохдоо зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйл юм.

3. Мэргэжилд чиглэсэн чадавхаа харгалзан үзэх. Аливаа ажил үйлд зөвхөн хүсэл сонирхол хангалттай биш, тухайн ажлыг амжилттай гүйцэтгэх чадавх (чадвар) зайлшгүй байх хэрэгтэй. Хүн чадавхдаа тохирсон ажлыг л амжилттай гүйцэтгэдэг.

4. Өөрийнхөө чадавх, боломжийг бодитой үнэлэх. Өөрийн чадавхаа байгаагаас нь дээгүүр үнэлбэл хуурамч төсөөлөлд автаж, биелэх боломжгүй, хүрч чадахааргүй зорилго тавихад хүрнэ. Харин чадавхаа байгаагаас нь доогуур үнэлдэг хүн өөрийгөө бусдаас ямагт дутуу гэж үздэг. Тийм хүмүүс чадавхаасаа доогуур сонголт хийж, амжилтад хүрэх боломжоо алддаг байна.

5. Эцэг эх, ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөх. Мэргэжлээ сонгоход эцэг эх, асран хамгаалагчийн идэвхтэй оролцоо хэрэгтэй. Гэхдээ эцэг, эхийн санал болгож байгаа мэргэжил нь чиний хүсэл сонирхол, чадавх, боломжтой тохирч байвал сайн хэрэг. Хэрэв тохирохгүй бол эцэг эхтэйгээ сайтар зөвшилцөж, зөв сонголт хийх нь чухал.

6. Найз нөхөдтэйгөө зөвлөлдөх. Таны чадавх, боломжийн талаар найз нөхөд тань өөр дүгнэлттэй байж магадгүй. Найз нөхдийн дүгнэлт нь танд өөрийнхөө бодит чадавх, хувийн шинж чанараа шүүн тунгаах боломжийг олгоно.

7. Багш, ажил мэргэжлийн зөвлөгч нараас зөвлөгөө авах. Мэргэжлээ сонгохдоо сургуулийнхаа багш, сэтгэл судлаач, ажил мэргэжлийн зөвлөгч нартай уулзаж зөвлөгөө авах нь чухал ач холбогдолтой. Багш өөрийн тань чадавх, боломж, хувийн шинж чанарын талаар үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чадна.

 

МЭРГЭЖИЛ СОНГОХОД ГАРДАГ НИЙТЛЭГ 7 АЛДАА

1. Чадавхи, боломжоо бодитой үнэлэхгүйгээр мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Өөрийн чадавх, боломжоос доогуур ажил нь хүнийг амар хялбарыг эрхэмлэдэг, зорилгогүй, тэмүүлэлгүй болгох эрсдэлтэй. Хэт дээгүүр үнэлж сонголт хийвэл ихээхэн хүчин чармайлт, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч амжилтад хүрэхгүй.

2. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Сонгож байгаа мэргэжлийн ажлын агуулга, хөдөлмөрийн нөхцөл, тавигдах шаардлага (чадавх, шинж чанар, эрүүл мэндийн байдал г.м)-ыг өөрийн чадавх боломжтой харьцуулж үзэхгүйгээр мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэдгийг харуулсан жишээ олон бий.

3. Мэргэжлийг шохоорхох байдлаар сонгохоос зайлсхий. Мэргэжлийг тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг нь шохоорхож сонгох нь алдаанд хүргэдэг.

4. Мэргэжлийг “ирээдүйтэй”, “ирээдүйгүй” гэж ялгаварлах нь буруу. Ирээдүйтэй мэргэжил гэж байдаггүй, харин ирээдүйтэй мэргэжилтэн гэж байдаг.

5. Бусдын нөлөөнд автаж мэргэжлээ сонгох нь алдаанд хүргэнэ. Туршлагагүй, эсвэл чиний сонирхол, авьяас чадварыг таньж мэдээгүй хүнээс зөвлөгөө авах нь тийм ч үр дүнтэй биш.

6. Өөрөө үлгэр дуурайл авдаг хүмүүсийг дуурайж мэргэжлээ “сохроор” сонгох нь алдаа дагуулна. Та хэн нэгнийг хүндэтгэдэг, тэр хүн танд үлгэр дуурайл болдог байж болно. Гэхдээ тэр хүний мэргэжил танд мөн тохирно гэсэн үг биш.

7. Найз нөхдөө дуурайж мэргэжлээ сонгохоос болгоомжил. Таны найз мэргэжлээ өөрийнхөө сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн үндэслэлтэй сонгосон байж болох юм. Гэхдээ найзын тань сонгосон мэргэжил танд мөн адил тохирно гэсэн үг биш.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар


Этүгэн их сургууль мэргэжлээ сонгож буй хүүхдүүдэд зориулан Америкийн Засгийн газрын солилцооны болон тэтгэлэгт оролцогсдын Хөгжлийн элч холбоо (MASA)-оос эрхлэн гаргасан ЗӨВ СОНГОЛТ, ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ ТӨСӨЛ-МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ? цуврал видео зөвлөгөөг өөрийн facebook хуудсны видео хэсэгт оруулсаныг үзээрэй.






Хуудсыг боловсруулсан 0.8902 секунд