ХҮҮХДИЙНХЭЭ МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ЗӨВ ЧИГЛҮҮЛЭХ 10 АЛХАМ

Та хүүхдийнхээ мэргэжил сонголтонд санаа зовниж сууна уу. Амьдралын чухал сонголтуудын нэг болох ажил мэргэжлээ сонгох, ирээдүйн карьерын алхмаа зөв эхлүүлэхэд эцэг эхчүүд бидний үүрэг оролцоо маш чухал гэдгийг та надаар хэлүүлэх юун. Та хүүхэдтэйгээ өдөр бүр харилцаж хамгийн ойр зөвлөгч нь байж, түүнийг хамгийн сайн мэддэг хүн нь юм. Амьдралын туршлагаараа та хүүхдээ ямар зан чанартай, ямар ажилд илүү тохирох, хүнтэй хэрхэн харилцдаг зэргийг нь магадгүй өөрөөс нь ч илүү мэдэж байж болох юм. Гэхдээ л хүүхэд тань ойлгогдохгүй, тэр ч бүү хэл өөрийгөө ч ойлгохгүй байх үе бидэнд тохиолдох нь хэвийн үзэгдэл юм.

Тиймээс энэ байдлыг хэрхэн удирдаж хүүхдээ мэргэжлээ сонгоход нь зөв чиглүүлэх талаар хэдэн зүйлийг ярилцъя.

10. Хүүхэдтэйгээ өөрийнх нь хүсч мөрөөдөж буй ажил мэргэжлийн талаар яриа өрнүүлэх

Энэ яриаг ихэнхидээ хүүхдээ 12-р ангид орохоор нь өрнүүлж байгаа нь бидний нэг алдаа юм. Учир нь хэдийнээ хугацаа алдсан байна гэсэн үг. Сүүлийн үеийн сургалтын системүүд ахлах ангид ормогц л мэргэжлийн чиглэлээ сонгож, зарим хичээлийг сонголтоор үзэх болсон байгаа. Тиймээс та хамгийн оройтлоо гэхэд 14 нас хүрмэгц л хүүхэдтэйгээ ажил мэргэжлийн талаар нухацтай ярилцаж эхлэх нь зүйтэй юм. Тэгэхдээ мэдээж өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх талаар эсвэл төгсөөд ямар мэргэжилд ажлын байр олдоцтой байдаг талаар биш хүүхдийнхээ хүсч мөрөөдөж байгаа ажил мэргэжлийн талаар ярилцах ёстой юм.

9. Хүүхдээ өөрийгөө таньж мэдэж, нээхэд нь туслах


Орчин үед хүүхдүүдийг аль болох эрт авъяас чадварыг нь нээн илрүүлж, нэмэлт дугуйлан секцэд явуулах, тоглох тоглоом, унших номоор нь хүртэл чиглүүлэх бүрэн боломжтой болоод байна. Тиймээс мэргэжил сонголтын сорил өгүүлэх, сонирхсон дугуйлан лекцэнд хамруулах, сайн дурын ажилд оролцуулах зэргээр өөрийгөө нээж таньж мэдэхэд нь туслаж болох юм. Хүүхэд тань хэдий чинээ эрт өөрийнхөө зан чанар, онцлог, давуу тал, ажил мэргэжлийн сонирхлоо мэдэж, өөртөө тохирох чиглэлд суралцаж, авъяас чадвараа хөгжүүлэх нь бидний хүүхдүүддээ оруулж буй оюуны хөрөнгө оруулалтыг төдий чинээ л оновчтой болгож, амжилттай карьераа удирдан авч явахад чиглүүлнэ.

8. Та хэдэн ажил мэргэжил мэддэг вэ?

Хорвоо дэлхий дээр хосгүй олон ажил мэргэжил байна. Та хэдэн ажил мэргэжил мэдэх вэ? Магадгүй өчигдөр мандаж явсан ажил мэргэжил маргааш устаж үгүй болохыг бид таашгүй юм. Энэ цаг үед ямар ажил мэргэжлүүд байдаг төдийгүй тэдгээр ажил мэргэжил хүн төрөлхтөний амьдралд ямар нөлөөлөл үзүүлж байгаа зэргийг сонирхон судалж хүүхдийнхээ сонирхсон ажил мэргэжлийн дагуу ямар хувьсал өөрчлөлт явагдаж байгаа талаар нэг тандаад үзээрэй.


Эцэг эхчүүд өөрсдийн мэддэг цөөхөн хэдэн мэргэжил дотроо л эргэлдэж сонголт хийдэг учраас олон боломжийг алдаж байдаг. Харин та хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад сонирхож байгаа ажил мэргэжлийнх нь талаар Интернет ухаж үзсэн үү. Мэдээж Монгол хэл дээр тийм цэгцтэй мэдээлэл ховор олдоно гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгэхээр дэлхийн түгээмэл хэлүүд дээр хайгаад үзэхэд яагаад болохгүй гэж. Хүүхдийнхээ сонирхож байгаа ажил мэргэжлийн чиглэлд нарийн мэргэжлийн ямар ажлууд байдаг талаар, бас ямар ямар ажлын байрны зар гардаг талаар, энэ мэргэжлийн чиглэлд хүмүүс хэрхэн яаж карьер хийдэг талаар, тэдгээрт нь ямар шаардлагууд тавигддаг талаар, цаашид тэр мэргэжлээрээ төр болон хувийн хэвшилд хаана хаана ажиллах боломжтой төдийгүй хэрхэн мэргэшиж суралцах шаардлагатай зэргийг судлаад үзэхэд гэмгүй. Гэхдээ та ингэхдээ хүүхэдтэйгээ хамт сууж судлана гэдгээ мартаж болохгүй. Та өөрөө хэлний боломж тааруу байвал нэг танилаа, эсвэл ах эгч хамаатан садныхаа нэгнээс тусламж хүсч болно.

7. Хөдөлмөрийн зах зээлийг тандах

Мэргэжил сонголтын талаар яриа эхлэхэд хүн бүр л тухайн ажил мэргэжил хэр ирээдүйтэй байх талаар бодол толгойд эргэлддэг. Хүүхдийн тань болон таны ч гэсэн хамгийн их сонирхох зүйл бол тухайн ажил мэргэжлээр ажиллаад хэрхэн мөнгө хийж, сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг зүйл юм. Тиймээс тухайн ажил мэргэжлийн хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага хэрхэн явж байгааг анзаарахгүй орхиж огт болохгүй юм. Гэхдээ энэ бол таны хүүхдийн мэргэжлээ сонгоход нөлөөлөх гол үзүүлэлт биш гэдгийг мартахгүй байхыг зөвлөе. Яагаад гэвэл хичнээн их мөнгө олдог байлаа ч танай хүүхдийн зан занар, сонирхолд тохирохгүй мэргэжил бол яагаад ч зөв сонголт болж чаддаггүй. Хүн хүссэн, өөртөө тохирсон ажил мэргэжилдээ л бусдаас илүү амжилт гаргадаг.

6. Бодит “Мэргэжилтэн”-тэй уулзах

Хүүхэд тань Х.Баттулга шиг Ерөнхийлөгч, эсвэл Гайхамшгийг бүтээх инженер болохыг хүсдэг байхыг үгүйсгэхгүй. Мөн аав шигээ архитекторч, эсвэл ээж шигээ эмч болохыг хүсч явдаг ч байж болох юм. Өөрөөр хэлбэл тэд ихэвчлэн ажил мэргэжлийн талаархи ойлголтоо аав ээж, эсвэл өөрийн хүндэлдэг нэгнээр төсөөлөн дууриах нь элбэг байдаг. Тиймээс танай хүүхэд IT инженер болохоор төлөвлөж байгаа бол IT-н компанид ажилладаг найз руугаа утас цохиж уулзалт төлөвлөж болох юм. Хүүхдүүдэд бодит ажлын нөхцөл байдалд орж үзүүлэх, тухайн мэргэжлийн давуу болон сул талыг урьдчилан таниулах, тухайн ажил мэргэжлийн талаар бодит мэргэжилтэнтэй нь уулзуулж ярилцуулах нь түүний сонголтонд чухал нөлөө үзүүлэх юм.

5. Цалинтай “Ажил” хийлгэж үзүүлэх

Манай улсад хүүхдийн хөдөлмөрийг хориглодог хэдий ч ахлах ангийн хүүхдүүдэд өөрсдөд нь таарсан ямар нэг цалин хөлстэй ажил хийлгэж үзүүлэх нь ажил хөдөлмөр, хөлс мөнгө, цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэхэд туслаад зогсохгүй өөрийгөө нээж таньж авахад чухал алхам болдог. Би л гэхэд 9-р ангийнхаа зуны амралтаар дэлгүүрт кассын ажил хийж үзээд мөнгөтэй харьцдаг ажил надад тохиромжгүй, харин хүмүүстэй их харилцдаг ажил илүү тохирох юм байна гэдгийг ойлгож авч байлаа. Түүний хажуугаар аав ээжийнхээ хөлсөө дуслуулан олж ирдэг хөдөлмөрийг хэрхэн амарханаар үрдэг байснаа бодож өөртөө илүү хариуцлагатай ханддаг болгоход 1 алхам урагшлуулсан “зуны амралт” байж билээ. Бидний хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа зүйлээ ойлгуулах гэж үглэж яншдаг олон зүйлийг ажил хийх үедээ хүүхдүүд маань ойлгож авч чаддаг гэдэгт итгэлтэй байна.

4. Карьер мэргэжилтний зөвлөгөө авах


Хувь хүний зан чанар, онцлог, ажил мэргэжлийн сонирхлыг шинжлэх ухаанчаар тодорхойлж, ямар ажил мэргэжилд тохиромжтой талаар дүгнэлт зөвлөгөө өгдөг үйлчилгээ байдаг талаар та сонсож байсан уу. Хөгжингүй орнуудад энэ үйлчилгээ ихэд дэлгэрсэн төдийгүй Карьер мэргэжилтний зөвлөгөө авч, ментортой болох нь хэвийн үзэгдэл болжээ. Карьер мэргэжилтний зөвлөгөө нь Аав ээж хүүхдийн дунд байдаг эргэлзсэн асуудлуудад хөндлөнгийн зүгээс мэргэжилтний нүдээр онош тавьж, та нарын дунд гардаг маргааныг тасалж өгдөг.
Жишээ нь: Аав нь дөрөв дэх үеийн эмч нарын удмаа хүүдээ залгамжлуулах бодолтой. Тэр ч бүү хэл хүүдээ өвөөгийнх нь хэрэглэж байсан багажийг хүртэл хадгалдаг. Харин ээж нь хүүгээ танилынхаа шугамаар Гадаадад сургах боломжтой. Гадаадад сурах боломжийг ашиглахын тулд хүү нь Оёдлын технологийн инженерээр суралцах ёстой. Харин хүү Адал явдалт киноны зохиолч болохыг хүсдэг байж болох уу? Энэ тохиолдолд хүү хэрхэн шийдвэрлэх вэ? Тиймээс хамтдаа гарцыг хайгаад үзэхэд буруудахгүй.

3. Анги удирдсан багш

Биднийг амьдралынхаа төлөө ажилдаа нухуулаад завгүй явах хооронд бидний оронд хүүхдүүдэд маань санаа тавьж байдаг “Буянтай үйлстэн” бол багш нар юм. Та өөрийнхөө хүүхдийг ямар хичээлдээ илүү сайн оролцоотой байж ямар хичээлдээ дутуу дулимаг явааг зөвхөн дүнгийн хүснэгтээр дүгнэж мэдээж болохгүй. Багш нар өдөр тутам хүүхдүүдтэй харилцаж, албан ёсоор хичээл даалгаварыг нь шалгаж, хувь хүн талаас нь бидний хүүхдүүдтэй тулж ажиллаж байдаг учраас “Ангийн багш”-н үг бол бас мэргэжил сонгохдоо заавал сонсох ёстой зөвлөхийн дүгнэлт байдаг.
Бидний үеийнхэн болоод биднээс дээгүүр үеийнхнээс багшийнхаа заасан чиглэлийн дагуу мэргэжил эзэмшээд амжилттай яваа хүмүүс ч цөөнгүй л байдаг байх. Харин бидний хүүхдийн цаг үе бол олон мэдээлэл дунд, хувьсан өөрчлөгдөж буй технологийн ертөнц рүү явж буй учраас мэргэжил сонголтоо нарийвчилж тодорхойлохын тулд анги удирдсан болон бусад багш нарын дүгнэлтийг заавал сонсоорой.

2. Мөрөөдөл ба зорилго

Өндөр цалин авах, гоё дүрэмт хувцас өмсөх, шилэн байшинд ажиллах, босс болж машин унах гэх мэт хэлбэрийн шинжтэй мөрөөдлөөс илүүтэйгээр сансраас эрчим хүч авах, эко хот байгуулах, хорт хавдрыг эмчилэх гэх мэтчилэн хорвоо ертөнцийг өөрчлөх, хүн төрөлхтөний амьдралыг сайжруулах мөрөөдөл хүчтэй байдаг. Харин таны хүүхдийн ажил мэргэжлийн мөрөөдөл юу байдаг бол? Сайн сайхан амьдрах, сайн мэргэжилтэн болох гэсэн хүслийн жагсаалтаас хэтрээгүй яваа юм биш биз!
Мэргэжлээ оновчтой сонгохын тулд мөрөөдөөд зогсохгүй мөрөөдлөө бодит биелэл болгохын тулд хугацаатай, хүрэх тодорхой үр дүнтэй, хүрсэн эсэхийг хэмжих хэмжүүртэй зорилго болон хувиргах шаардлагатай болдог. Жишээ нь, эко хот байгуулах мөрөөдөлтэй бол хот зохион байгуулалт, эко орчны талаар өргөн мэдлэгтэй байх шаардлагатай болно. Энэ талаар дэлхийн жишиг, шилдэг туршлагыг судлахын тулд гадаад хэл эзэмших шаардлагатай болно. Гэх мэтчилэн тухайн хийх алхамуудаа тооцож үзэж, цаг хугацаатай уялдуулан тодорхой зорилтуудад хуваагаад нарийвчилсан төлөвлөгөө болгож чадвал танай хүүхдийн мөрөөдөл биелэх нь гарцаагүй юм.

1. Сургуулиа судлах

Сургууль судлах бол бидний мэргэжил сонголтоо хийхдээ хамгийн түрүүнд нь боддог дадал маань. Бидний бодол санаанд нэр хүндтэй томоохон сургуульд суралцах нь ирээдүйд амьдрал маань хэр их баталгаатай байхад нөлөөтэй гэсэн дүгнэлт чухал байр суурь эзэлдэг. Гэхдээ та хүүхдээ мэргэжлээ сонгоход нь зөв чиглүүлье гэж бодож байгаа бол сургуулиа хамгийн сүүлд сонгох хэрэгтэйг бид зөвлөж байна.
Одоо ч зарим хүмүүс интернет ашиглаад өөрийн хүссэн нарийн мэргэжлийн зүйлийг гүнзгийрүүлэн судалж түүнийгээ ажил мэргэжил болгож хөгжүүлээд явж байгаа жишээ олныг дурдаж болохоор болжээ. Жишээ нь Youtube сайт үзээд сонирхсон бүжиглэж сурсан олон хүмүүсээс хамгийн шилдэг бүжгийн хамтлагийг нэгэн Япон залуу бүрдүүлж Америкийн хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын нээлтийн арга хэмжээнд гайхамшигтай үзүүлбэртэй оролцсон байна. Сургууль яг чиний хүссэн зүйлийг зааж өгч чадахгүй байна гээд сургуулиа хаяад гарсан ч бизнесийн оргилд хүрч чадсан олон жишээг та сонссон байх гэж найдаж байна. Тиймээс таны хүүхдийг хүссэн ажил мэргэжлийнх нь дагуу хамгийн шилдэг мэргэжилтэн болгож бэлтгэх сургуулийг та дээрхи үйлдлүүдийг хийж үзсэнийхээ дараагаар хамгийн сүүлд нь судлах ёстой гэдгийг мартаж болохгүй юм.

Эх сурвалж: http://www.arav.mn

#Харилцаа_хандлага_ёс_зүйг_эрхэмлэдэг_анхны_сургууль

Хуудсыг боловсруулсан 1.1762 секунд