ЯПОН УЛСЫН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Этүгэн их сургуулийн Сувилахуйн болон Мэргэжлийн боловсролын сургууль ба  Япон улсын Шеомей халамжийн коллежийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Японы нийгмийн халамжийн корпорацийн орлогч дарга, Коллежийн захирал, хатагтай Хитоэ Котонэ тэргүүтэй төлөөлөгчид (нийгмийн халамжийн корпорацийн менежер Минако Үцүномияа, нийгмийн халамжийн корпораци Фүкүжүэн группын захирал Фуруто Шүсакү, хүний нөөцийн хэлтсийн Сувилахуйн тусламж үйлчилгээний мэргэжилтэн Яамото,  Күотогийн хэл, соёлын институтын захирал Ёошида Юкү, газрын дарга Ма Шинү) манай их сургуульд зочилж, Этүгэн их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, академич С.Нямзагд, Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг, Этүгэн мэргэжлийн боловсролын  сургуулийн захирал Б.Отгонзаяа, ГХХАГ-ын менежер Л.Гүрбазар нар хүлээн авч уулзан хоёр талын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал хэлэлцлээ.

Зочид, төлөөлөгчид академич С.Нямзагд багшийн анагаахын салбарын оюутнуудад зориулсан “Этүгэн их сургуулийн үүсэл, хөгжил, хандлага” сэдэвт лекцэнд сууж, Этүгэн мэргэжлийн боловсролын сургуультай танилцаж, оюутан,  сурагчидтай уулзалт хийж, тэдэнд Японы Шеомей халамжийн  коллеж, Япон хэл, соёлын сургууль, Нийгмийн халамжийн корпорацийн харьяа байгууллагуудын  үйл ажиллагааг танилцуулав.

Уулзалтаар Этүгэн их сургууль, Сувилахуй болон Мэргэжлийн боловсролын сургуулиуд нь оюутан, сурагчдыг Япон хэл сонгон суралцахад дэмжлэг үзүүлэх, хичээлийн хуваарьт оруулах, анги танхимаар хангах, Японы нийгмийн халамжийн корпорацийн байгууллага, Шёомей халамжийн коллеж нь Япон хэлний багш илгээж ажиллуулах,  сургалтын хэрэглэгдэхүүнээр туслалцаа үзүүлэх, суралцагчдад туршлага олгох дадлага хийлгэх, ажлын байраар ханган дадлагажуулах нөхцөл бүрдүүлэхээр тохиров.