ТӨГСӨГЧДИЙН 16 ДАХЬ УДААГИЙН “ХҮНДЭТГЭЛИЙН ЛЕКЦ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Этүгэн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн төгсөгчдийн 16 дахь удаагийн “Хүндэтгэлийн лекц” 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр СТӨ-нд амжилттай болж өндөрлөлөө.

Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Академич С.Нямзагд жил бүр төгсөгчдөдөө зориулан "Хүндэтгэлийн лекц" уншдаг уламжлалтай. Төгсөгчдийн 16 дахь удаагийн “Хүндэтгэлийн лекц”-ийг та бүхэндээ товчлон хүргэе.

Этүгэн их  сургуулийн хүндэтгэлийн лекц, сүүлчийн дурсамж хичээлийн өмнө мөнгөн хонхоо танхим дүүрэн эгшиглүүлэн төгсөгчдийнхөө мөрөөдлийг хөглөлөө.  

 

Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд захирал:

-Тэртээх 1973 онд МУИС-ийг төгсөж төрөлх их сургуульдаа багшилсан. Анх 1973 оны 9 дүгээр сарын 1-нд лекц уншиж эхэлснээс хойш 52 дахь жилдээ багшилж байна. ЭИС-ийн төгсөгчдөдөө “Хүндэтгэлийн лекц”-ээ 15 дахь жилдээ тасралтгүй уншиж байна. Шинэ төгсөгчдөдөө 16 дахь удаагийн “Хүндэтгэлийн лекц”-ээ унших гэж байгаадаа баяртай байна. “Хүндэтгэлийн лекц”-ийг минь та нар сонсохыг хүсэн хүлээж байгаа. Багш нь бас уншихыг хүсэн хүлээсээр сэтгэл догдлуулсан мөч ирлээ. Лекцдээ Этүгэн их сургуулийн эхлэл, хөгжил, ирээдүй, төгсөгчдөдөө зөвлөж хэлэх үг, туршлагатай багшийн хувиар хамгийн үнэтэй зөвлөмжүүдээсээ төгсөлттэй холбоотой санаануудыг чинь сэтгэлээсээ хуваалцахыг хүсэж байна.

Этүгэн уул миний болон Этүгэнчүүд бидний шүтээн. Багш нь энэ уулын зүүн суганд төрсөн тухайгаа өмнө нь ярьж байсан. Хүсэл мөрөөдлийнхөө сургуулийг шүтээн болсон Этүгэн уулаараа нэрлэсэн. Америкийн Монгол судлал сэтгүүлд “Этүгэн уул бол дэлхий дээр анх уснаас цухуйсан хад. Энэ бол хуурай газрын амьдарлын эхлэлийн эхлэл юм.” гэж бичсэн байдаг. Этүгэнд сурах, Этүгэнийг сурч төгсөх мянга мянган залуусын хүчирхэг, сайн чанартай амьдарлын эхлэл нь болоосой хэмээн Этүгэн гэж нэрлэсэн.

Лекцийнхээ өмнө дараах 2 зүйлийг санаж байхыг захисан юм.

  1. Ямар ч юмыг энгийн болгож бодож бай. Ингэж ажлаа эхлүүлж байгаарай. Ингээд цааш нь Этүгэн их сургуулиа хэрхэн үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцлаа.
  2. Хичээл заадаг оюутнууддаа менежментийн хичээлээр “Сур, сур бас дахин сур” В.И.Ленин. Яг үүнтэй адилхан “Байршил, байршил бас дахин байршил” гэж зааж сургаж байсан. Та нар амьдралаа, ажлаа, бизнесээ сонгохдоо байршилд тэргүүлэх ач холбогдол өгдөг байгаарай. Байршил нь стратегийн ач холбогдолтой. Байгаа юман дээрээ тулгуурлаж байгаарай.

Өнөөдөр энд ЭИС-ийн 1100 төгсөгч хүндэтгэлийн лекц сонсохоор догдлол дүүрэн, баяр хөөртэйгөөр цуглаад байна. Анх удаагаа гадаадын 40 оюутан ЭИС-ийг төгсөх гэж байна. Та нартаа нийт төгсөгчдөдөө баяр хүргэе.  

 

Анх сургуулиа байгуулаад өөрийн хичээлийн байртай болох, коллежээс дээд сургууль болох, магадлан итгэмжлүүлэх, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх гэсэн 3 зорилго тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд зуу, зуун асуудлуудаас хамгийн гол зүйлийг нь ялгаж чаддаг байх хэрэгтэй. Энэ маш чухал шүү гэж хэлье. Өөрөөр хэлбэл, юуг хийх вэ, юуг хийхгүй байх вэ гэдгийг ялгах нь чухал байдаг шүү. Этүгэн их сургууль оюутнуудынхаа хүчээр, багш нарынхаа хүчээр, удирдлагуудынхаа хамтын ажиллагааны туслалцаатайгаар сургуулиа барьж, бүтээн байгуулж ирсэн. Энэ нь Этүгэний нэг гайхамшиг” гэдгийг онцоллоо.

ЭИС улс эх орондоо татвар төлдөг, юм бүтээдэг сургууль байхын төлөө зорьж ажилласан. ЭИС Монголын Шилдэг 200 аж ахуйн нэгжээс 177 дугаарт шалгарсан. Боловсролын салбараас анх удаа төсөвтөө мөнгө төвлөрүүлсэн сургуулиар шалгарсан. Энэ бол их сайн үзүүлэлт гэж боддог.

2002 онд 2 багш, 36 оюутантай сургуулиа эхлүүлсэн. Өдгөө 270 багштай болж өргөжөөд байна. Нийт багш нарын 25 хувь нь Монголдоо болон гадаадад 100 хувь бэлтгэгдсэн магистр эрдмийн зэрэг цолтой. Хамгийн гол нь Этүгэний философи, Этүгэний соёлыг түгээн дэлгэрүүлж ажилладаг сэтгэл, зүтгэлтэй 200 багштай болсон. Тэд өнөөдөр оюутнуудыг сургаж төгсгөх бололцоог бүтээдэг. Багш нартаа чинь сэтгэлээсээ талархалаа илэрхийлье.

Та нар ажил, амьдралаа үргэлж тогтвортой өсөлттэй авч явах ёстой шүү. Энэ бол менежментийн чухал санаа, миний гол баримталдаг зарчим гэж чухалчлан онцоллоо. Би огцом өсөлт, бууралтад дургүй, тогтвортой өсөлтийг чухалчилдаг. Алгуурхан өсөлт хөгжил авчирдаг гэж боддог.

Манай оюутнууд, төгсөгчид, Этүгэнтэй хувь заяагаа холбосон хүмүүсийн хийморь зул нь өндөр байг гэж бодож дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд туг далбаагаа мандуулахыг хүссэн. Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш Эверестийн ноён оргил болох 8848 метрийн өндөрт ЭИС-ийн туг далбааг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мандуулж чадсан. Энэ нь надад маш их урам зориг өгсөн. ЭИС-ийнхаа оюутны тоог 8880-д хүргэх том мөрөөдөл, зорилго тавьсан. Эверестийн оргилд ЭИС-ийнхаа туг далбааг мандуулахын тулд авч явахад авсаархан жижиг хэмжээтэй болгосон. Далбаан дээрээ “Эцэг тэнгэр, Эх Этүгэний ивээлд сургууль минь мөнх мандан бадраг” гэдэг үгийг оюутан, багш нарынхаа хийморь лундааг өндөр байлгахыг билгэдэж бичсэн. Ингээд хүндэтгэлийн индэртээ Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер  Б.Цэвээндашийг урилаа.

 

Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш:

-Юуны өмнө хуран цугласан Этүгэнчүүддээ, хүндэтгэлийн лекцийг уншиж буй С.Нямзагд захиралдаа маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Надад ЭИС-ийн сүр сүлд, хийморь болсон тугийг 2015 онд өгч итгэж явуулсан. Гэвч 2015 онд 100 жилд тохиолдоогүй байгалийн гамшиг тохиож маш хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Эверестийн оргилд нэг ч хүн гарч чадаагүй. Тухайн үед 3 удаагийн маш хүчтэй газар хөдлөлт болсон. Эверест рүү авиралт хийх үед хүчтэй газар хөдлөлт байгалийн гамшгийн талаар бодит үйл явдлыг камераараа 4-5 цаг бичсэн. Энэ үйл явдлаар кино хийх гэж байгаа. Аливаа хүн хэлсэн үгэндээ, зорьсон зорилгодоо хүрч байх ёстой. Эверестийн ноён оргил болох 8848 метрийн өндөрт 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8 цаг 16 минутад буюу Бурхан багшийн мэндэлсэн өдөр ЭИС-ийн туг далбааг мандуулж чадсандаа маш их баярладаг. Хүний амьдрал уултай адилхан байдаг юм шүү. Та бүхэн өөрсдийнхөө зорьсон зорилгодоо хүрэхийн тулд битгий нугараарай, битгий шантраарай. Ийм сайхан хамт олон, сургуулийг байгуулж чадсан С.Нямзагд захиралтай хамт олон, Этүгэнчүүдээрээ бахархдаг шүү хэмээн ярив.

 

Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич С.Нямзагд захирал:

- Хамгийн тулгуур зарчим нь хүн чанар, хүнлэг байх. Хэрвээ хүн чанаргүй хүнд анагаахын диплом олгогдвол “алуурчин” бэлтгэгдэж байна гэсэн үг. Хэрвээ хүн чанаргүй хүнд эдийн засгийн диплом олгогдвол эдийн засгийн  “алуурчин” бэлтгэгдэж байгаагаас ялгаагүй юм. Та нарын алдар цуугаар Этүгэн Их сургууль хэмжигдэнэ. Үүнийг битгий мартаарай...

Ингээд ЭИС-ийн төгсөгчдөдөө дараах зөвлөмжүүдийг хүргэхийг хүсэж байна. 1. Жаахан хичээл зүтгэл, шаргуухан шиг ажиллачихаарай. Зүтгэл 10 хувь хэрнээ орлогын 90 хувийг эзэлдэг шүү. Манлайллаараа эхний 10-т багтаарай гэж багш нь зөвлөе. 2. Санхүүгийн эрх чөлөө рүү мацаарай. Санхүүгийн эрх чөлөөний “А” үсэг нь мөнгийг олохоос гадна олсон мөнгийг хэрхэн яаж зарцуулах, хэмнэх гамнах урлагийг хэр эзэмшсэнээс хамаарна. Би та нарыг санхүү сайтай хүмүүс болоорой, эдгээрийг анхааралдаа авч минималистууд байгаарай гэж захия. 3. Хүн ямар ирээдүйг мөрөөднө. Тийм л ирээдүйг бий болгодог шүү. Маш гоё зүйлийг мөрөөдөөрэй. Багш нь “Их сургууль байгуулна” гэж мөрөөдөж байсан. Мөрөөдөлдөө хүрсэн. 4. Инээмсэглэл. Яагаад инээмсэглэх ёстой юм бэ. Амжилттай хүн байхын тулд заавал инээмсэглэх хэрэгтэй. Та нарыг багш нь үргэлж инээмсэглэж байгаасай гэж хүсэж байна. Энэ бол маш чухал шүү гэж хэлье. Инээмсэглэл нь дотно харилцааг бий болгодог, хүнийг ер бусын хүчтэй болгодог юм шүү. Та нар анзаарсан бол багш нь үргэлж инээмсэглэж явдагийг харсан байх. Цаад агуулга нь хүчтэй байх гэсэн санаа юм. Түрүүлж инээмсэглээд баярлалаа гэж хэлж мэндчил. Эх орноо, төрөлх сургуулиа, монгол хүнийг хэзээ ч битгий муулаарай. Анхааран сонссон залуу мэргэжилтнүүд, шавь нартаа маш их баярлалаа гэв.

Дашрамд дуулгахад нийт төгсөгчидөө Төв усан бассейнд найман удаа үнэгүй сэлэх эрхийн бичгээр шагнаж байгаагаа дурдлаа.

Лекцийн төгсгөлд ЭИС-ийн Oasis Band хамтлаг “Сүүлчийн хичээлийн дараа” дуугаараа ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Ийнхүү ЭИС-ийн 2025 оны төгсөгчдийн 16 дахь удаагийн хүндэтгэлийн лекц амжилттай болж өндөрлөлөө.

 

ЭИС-ийн нийт төгсөгчдөдөө  баярын мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Этүгэн Их Сургууль

Мэдээллийн ажилтан Т.Бадамцэцэг