Этүгэн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн 21 дэх удаагийн төгсөлтийн диплом гардуулах, тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Степпе Арена цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Энэхүү диплом гардуулах төгсөлтийн үйл ажиллагааг дэлхийн их, дээд сургуулиудын жишгээр маш хариуцлагатайгаар мэргэжлийн түвшинд ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай.
2024-2025 оны хичээлийн жилд ЭИС-ийг 21 мэргэжлээр 936 суралцагч төгсөж ромбо диплом, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
21 дэх удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч, Монгол Улсын анхны Их Хурлын дарга, доктор, профессор Н.Багабанди, АИХ-ын дарга, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав, ЭИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, ОХУ болон Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Д.Идэвхтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Батхишиг, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, хурандаа, Эверестийн оргилд ЭИС-ийн тугийг мандуулсан Б.Цэвээндаш, Монгол Улсын Ардын багш, Хүний гавьяат эмч, доктор, профессор Х.Гэлэгжамц, Анагаах ухааны доктор профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч, Улсын III эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Номун эмнэлгийн захирал Ж.Жанчив, ЭИС-ийн төгсөгч, ЭИС-ийн сүлд дууг зохиогч СТА М.Цэрэнтогтох, Монгол Улсын гавьяат багш, Монголын Менежментийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Цэрэндорж, ОХУ болон Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын шилдэг менежер, Боловсролын ухааны доктор, профессор Ж.Соронзон, ЭИС-ийн Орхон салбар сургуулийн захирал, дэд профессор Д.Хүрэлбаатар, ЭИС-ийн үе үеийн төгсөгчид, нийт 500 гаруй хүндэт зочид төлөөлөгч, ЭИС-ийн багш нар оролцож, диплом гардууллаа.
ЭИС-ийн Melody найрал дууны хамтлаг Этүгэнчүүдийн сүлд дуу болох “Этүгэн сургууль бидний өргөө” дуугаар мэндчилгээ дэвшүүлснээр ёслолын үйл ажиллагааг эхлүүллээ.
Төгсөгчдөд диплом, мэргэжлийн цол олгох ёслолын ажиллагааг Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ЭИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ “ЭИС-ийн төгсөгч, залуу мэргэжилтнүүд ээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, эрдэмтэн, профессор багш нараа, ЭИС-ийн 21 дэх удаагийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд морилон ирсэн та бүхэнд халуун баяр хүргэе. Шинэхэн төгсөгч та бүхэн зорьж хүссэн мэргэжлээрээ 4,5,6 жилийн өмнө ЭИС-д элсэн суралцаж, сорилт боломж бүхнээр дамжуулан эрдэм мэдлэг, ёс зүй, харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвараа дадлагажуулснаа суралцах бүхий л хугацаандаа бахархалтайгаар нотолсоор өнөөдрийн баярт мөчид учран золгож байна.
Бэлгэ дэмбэрэлтэй энэ өдөр манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын өнцөг булан бүрт салбар нийгмийн асуудлыг шийдэх эрх мэдэл, үүрэг хариуцлагын баталгаа болсон эзэмшсэн мэргэжлийнхээ диплом, энгэрийн тэмдгээ гардан авахаар хүрэлцэн ирээд байна. Суралцагч оюутнаас төгсөгч мэргэжилтэн хэмээх хариуцлагатай байр сууринд очих энэхүү хугацаанд эрдэмтэн багш, ажилтан багш, эцэг эх, гэр бүл, оюутан суралцагч нараараа хамтран ажиллаж чадсаны үр дүн байлаа. Эх орныхоо ирээдүй болсон төгсөгчдөдөө халуун баяр хүргэе. Та бүхэн маань Этүгэн хэмээх өнөр гэр бүлийн гишүүн болж багш нар, сургуультайгаа нэг баг болон ажилласны хүчинд хөгжин дэвшиж, мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, хүн чанар, холын мөрөөдлөө алсын хараагаа дахин тодорхойлсон шинэхэн мэргэжилтнүүд болцгоолоо.
Эрхэм хүндэт төгсөгчид, залуу мэргэжилтнүүд та бүхэн ЭИС-ийн нэрийн хуудас билээ. ЭИС-ийн үе үеийн төгсөгч, залуусын 90 гаруй хувь нь үндэсний түвшинд болон дэлхийн өнцөг булан бүрт мэргэжлээрээ манлайлан ажиллаж байна. Энэхүү бахархалт үйлсийн үргэлжлэл болсон 21 дэх удаагийн төгсөгчдөө манлайлсан, суралцах хугацаандаа бусдыгаа хошуучлан гарамгай амжилт гаргасан, дипломын голч оноо 3.6-гаас дээш үнэлгээтэй онцгойлох диплом гардан авсан онцчуудаа дурдъя.
- Программ хангамжийн инженер мэргэжлээр төгсөгч Отгонбаярын Билгүүн
- Эм зүйч мэргэжлээр төгсөгч Доржпүрэвийн Жавзанпагма
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөгч Алтангэрэлийн Балдансүрэн
- Эмзүйч мэргэжлээр төгсөгч Баатаржавын Энхсаруул
- Эмзүйч мэргэжлээр төгсөгч Одгэрэлийн Наран-Эрдэнэ
- Хүний нөөцийн менежер мэргэжлээр төгсөгч Хуатбекийн Сунхар
- Нүүр амны их эмчийн мэргэжлээр төгсөгч Эрдэнэхүүгийн Мядагбадам
- Нүүр амны их эмчийн мэргэжлээр төгсөгч Ганзоригийн Гансүх
- Эм зүйч мэргэжлээр төгсөгч Батцэнгэлийн Уянга
- Нүүр амны их эмчийн мэргэжлээр төгсөгч Анхбаярын Тэлмэн
- Нүүр амны их эмчийн мэргэжлээр төгсөгч Шинэбаярын Нандинцэцэг
- Нүүр амны их эмчийн мэргэжлээр төгсөгч Хишигжаргалын Гэгээнхүслэн
нарын 12 төгсөгч 21 дэх удаагийн төгсөлтийн онцгойлох дипломын эзэд боллоо.
Хичээл зүтгэлээрээ манлайлагч 2025 оны төгсөгчид та бүхэнд мэргэжлээрээ эх орон ард түмэндээ хэрэгтэй байх, эрхэм хүндтэй үүрэг оногдож байна. Эрхэм хүндэт эцэг эхчүүд, та бүхэн ЭИС-ийн эрдэмтэн, багш нарыг сонгож, үр хүүхдээ эрдэм боловсролтой, мэргэжилтэй болгох нэн хариуцлагатай үүргийг бидэнд даатган, итгэл хүлээлгэн, халуун сэтгэлээр хамтран ажилласанд талархлаа илэрхийлье. Энэ удаагийн 936 төгсөгчийн 320 нь төрийн тэтгэлэг, дэмжлэг туслалцаа авсны ачаар сургуулиа амжилттай төгсөж байна. Ийнхүү бид сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж чадлаа. Эх орныхоо хаана ч ажиллахаар очсон эрдмийг зүтгэлээрээ олж, манлайлж яваарай. Эгнэшгүй их гавьяагаараа түүхийг чилээх болтугай. Монгол орон минь улам бүр мандан бадраг ээ. ЭИС-ийн 21 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа нээснийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн хэллээ.
Мөн энэ үеэр ЭИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг ЭИС-ийн ректорын 2025 оны төгсөгчдөд мэргэжлийн цол, боловсролын зэрэг олгох тухай тушаалыг уншиж танилцууллаа.
Хүндэт зочин БНХАУ-ын Хэнань мужийн боловсролын өгөгдлийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга, философийн ухааны доктор Лю Жэн Вэй “Эрхэмсэг ЭИС-ийн үүсгэн байгуулагч, сургуулийн удирдлага, хүндэт багш нар, эрхэм оюутнуудаа сайн байцгаана уу. Юуны өмнө БНХАУ-ын нэрийн өмнөөс нийт төгсөгчдөд халуун баяр хүргэе. Мөн ЭИС-ийн хамт олонд шилдэг мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулж буй хүчин чармайлтад талархал илэрхийлье. ЭИС Монгол-Хятад хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны чухал гүүр болсон сургуулийн үүсгэн байгуулагч болон удирдлагуудын манлайлан чиглүүлсэн бодлого, хүчин зүтгэлийн үр дүн, ЭИС-ийн хичээлийн хөтөлбөрийн үр дүн, боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухааны инновац зэрэг олон чиглэлд үр дүнтэй онцгой амжилт гаргасан. Эрхэм төгсөгч та бүхэнд ирээдүйн зам мөр нь гэрэлтэж, ажил үйлс нь арвин байж Монгол-Хятад хоёр улсын найрамдалт хамтын хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Хүндэт зочин Эдийн засгийн ухааны доктор ЭИС-ийн эмират профессор Шим И Соб “ЭИС-ийн эрхэм төгсөгчид өө, сургуулийн үүсгэн байгуулагч, академич, доктор профессор, ТУЗ-ийн дарга С.Нямзагд, ЭИС-ийн ректор, профессор Б.Батсэрээдэнэ, энд хуран цугласан эрхэм багш, эцэг эх, хүндэт зочид оо. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцож үг хэлэх завшаан тохиосонд гүнээ талархаж байна. Өнөөдөр бол таны төгсөлт биш харин цоо шинэ эхлэл. Та хаана ч явсан, юу ч хийсэн ЭИС-ийн төгсөгч гэдгээрээ бахархаж яваарай. Мөн Монгол орныхоо тулгуур багана нь болж ёс зүйтэй, алсын хараа, зорилготой, эх орныхоо төлөө хүчин зүтгээрэй. Этүгэн үүрд таны эрдмийн өргөө хэвээр үлдэх болно” хэмээн хэллээ.
21 дэх удаагийн төгсөгчдийн төлөөлөл болсон залуу мэргэжилтнүүдийн сэтгэгдлээс та бүхэндээ хүргэе.
Программ хангамжийн мэргэжлээр төгсөгч О.Билгүүн: - Төгсөлтийн баяр, диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн сайхан байна. Онцлох 12 оюутанд багтаж, дипломын голч оноо 3.8 үнэлгээтэйгээр амжилттай төгслөө. Өнөөдөр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайгаас дипломоо гардаж авсан давхар баяр тохиолоо. Эрдмийн өргөөний эзэд болох эрдэмтэн багш нартаа, үргэлж тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ болон нийт төгсөгчдөдөө баяр хүргэе.
Био-Анагаах судлаач мэргэжлээр төгсөгч Г.Оюунтөгс: - Завхан аймгийн Сантмаргад сумаас ЭИС-даа элсэн суралцсан. Миний хувьд хэзээ ч мартагдахгүй сайхан өдөр тохиож байна. 5 жил суралцах хугацаанд эрдэм мэдлэг, бусад бүх зүйлд тусалж дэмжиж байсан Био-Анагаахын тэнхимийн багш нартаа, ЭИС-ийн захиргаа болон гэр бүлийнхэндээ тусгайлан баярлаж талархсанаа илэрхийлье. Цаашдаа эх орондоо хэрэгтэй, био-анагаахын мэргэжилтэн болохоо амлаж байна.
Маркетингийн менежер мэргэжлээр төгсөгч, Этүгэн Ирвэсүүд клубийн шигшээ багийн тамирчин Э.Бат-Өлзий: - Анх сурахын хажуугаар Этүгэн Ирвэсүүд клубт сагс тоглодог байсан. Сагс тоглонгоо хичээл номоо давтаж, суралцаж болдгийг харуулахыг хүссэн. Сургуулиа 3.0 голч оноотой төгсөж байгаадаа баяртай байна. Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, ирээдүйн карьерт нь амжилт хүсье. ЭИС-даа, нийт багш нартаа баярлалаа.
Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсөгч Н.Төгсбаяр: - Этүгэн сангийн 100 хувийн тэтгэлэгт 5 жилийн хугацаанд хамрагдаж, оюутны төлбөрөө хөнгөлүүлж сургуулиа амжилттай төгсөж байгаадаа баяртай байна. Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар ээж аавынхаа ачааг хөнгөлж, санхүүгээ зохицуулах боломжийг олгосон. Үргэлж дэмжиж тусалж байсан ЭИС-ийн удирдлагууд, багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Нийт төгсөгч үеийн найзууддаа баяр хүргэж, амжилт хүсье.
Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөгч Б.Ернезар: - ЭИС-даа Баян-Өлгий аймгаас элсэн суралцаж амжилттай төгсөж байгаадаа баяртай байна. Баярт мөчийг минь хуваалцахаар Баян-Өлгий аймгаас аав, хоёр дүү маань ирсэн. Суралцах хугацаанд үргэлж тусалж дэмжиж байсан аав ээждээ, эрдэмтэн багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.
Энэхүү 21 дэх удаагийн төгсөлтийн үйл ажиллагаанд төгсөгчдийн баярт мөчийг хуваалцахаар эцэг эх, ар гэрийнхэн Степпе Арена цэнгэлдэх хүрээлэнгийн танхим дүүрэн цугларсан байв. Тэдний төлөөлөл болох Увс аймгийн Сагил сумын иргэн н.Баатаржав ”Сувилахуй мэргэжлээр төгсөгч охин Ариунзаяагийнхаа хонхны баярт Увс аймгийн Сагил сумаас эхнэрийн хамт ирлээ. Охин маань сургуулиа амжилттай сайн төгсөж байгаад сэтгэл маш их догдолж, баяртай байна. ЭИС-ийн багш нарт баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Төгсөлтийн үйл ажиллагаанд ЭИС-ийн оюутны “Этүгэн талст” бүжгийн хамтлаг уран бүтээлээсээ толилууллаа. Мөн ЭИС-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, анги удирдсан нийт багш нар төгсөгч шавь нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Төгсөгчдөдөө амжилт бүтээл дүүрэн аз хийморь нь гэрэлтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!