Этүгэн их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо

Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Student HUB-ын гадна талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Хичээлийн шинэ жилийн ёслолын үйл ажиллагааг Этүгэн их сургуулийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Батсэрээдэнэ нээж шинээр элсэн суралцагчид болон нийт багш, ажиллагсдадаа хандаж “Өнөөдөр сурахыг эрхэм дээд зүйл гэж үздэг Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг 9 дүгээр сарын 1-ний өдөр билээ. Монгол орны өнцөг булан бүрээс Этүгэн Их сургуульд шинээр элсэн суралцахаар орсон оюутан залуус та нартаа сургуулийнхаа нэрийн өмнөөс, багш ажилчид, ахмад оюутнуудынхаа өмнөөс халуун дотноор угтан авч, чинь сэтгэлийн баярын мэндийг дэвшүүлье. Та бүхэн элсэлтийн шалгалтын өндөр оноо, залуу насны оргилсон их хүсэл, эцэг эхийнхээ хайр, итгэл найдварыг өвөртлөн амьдралынхаа эхний алхмыг Этүгэн их сургуульд тавилаа. Та бүхний сонирхсон, сонгосон эдийн засаг, менежмент, анагаахын болон инженерийн мэргэжлүүд нь нийгмийн хөгжлийг тогтоон тодорхойлдог хөтөч мэргэжлүүд юм. Суралцагч та бүхэн нийгмийн хариуцлага, үнэлэмж өндөртэй мэргэжлийг сонгоцгоолоо. Тиймээс оюутан та бүхэн Этүгэнд суралцах он жилүүдээ ирээдүйн ажил амьдралынхаа баттай суурийг тавих хүчирхэг залуу мэргэжилтэн болох, өсөн хөгжих чухал үе нь болоосой гэж бид хүсэж байна. Эдүгээ та нарын хувьд ирж буй оюутны он жилүүд дурсамжтай, ховорхон сайн найз нөхөдтэй болж, амьдралаа шинэ утга учиртай болгосон амьдралынх нь алтан үе байгаасай гэж хүсэж байна. Юуны учир, яах гэж суралцах ёстойгоо ойлгох нь хамгийн чухал. Ялангуяа биеэ зөв авч явах, ёс суртахууны шинэ хариуцлагыг бий болгох, тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах зориг тэвчээрт суралцах, боломжийг олж харах, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх замаар амьдралынхаа ирээдүйд хүрсэн байх ёстой оргилоо өнөөдрөөс эхлэн харж зөв тодорхойлж ажиллах нь таны цаашдын амьдралын сайн сайхан явах бат бэх суурийг тавьж өгөх болно. Энэхүү зорилгод хүрэхэд Этүгэн их сургуулийн зөв бодлого, сайн менежмент, эцэг эх, эрдэмтэн багш, оюутан залуусын хоорондын идэвхтэй үр дүнтэй өгөөжтэй үйл ажиллагаа нэн чухал юм. Этүгэн их сургуульд шинээр элсэн суралцагчид, нийт оюутан, багш ажиллагсдадаа дахин халуун баяр хүргэе” хэмээн онцлон хэлэв.

Нээлтийн ёслолд Этүгэн их сургуулийн оюутнуудын “Oasis” хамтлаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын бүтээл “Сэрсэн тал”, алдарт “Game of Thrones” киноны аяыг эгшиглүүлж, “Этүгэн талст” хамтлагийн бүжигчид бүжиглэж сонирхууллаа.

Нээлтийн үеэр 2025 оны ЭЕШ-ийн химийн хичээлийн оноогоороо Завхан аймагт III байрт жагсаж, Этүгэн их сургуульд 100% тэтгэлгээр суралцах эрх авсан Нүүр амны их эмч мэргэжлийн I дамжааны оюутан Б.Цийрэгзэн үеийнхээ найзууддаа хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

 

Далбаа мандуулах ёслолын үйл ажиллагаанд Эмзүйн сургуулийн ахмад багш, доктор, профессор боловсролын салбарт 40 дэх жилдээ, Этүгэн их сургуульд 18 дахь жилдээ багшилж байгаа, 30 гаруй мянган шавьтай С.Гаадулам; Био-Анагаахын тэнхимийн ахлах багш, докторант, Олон улсын impact factor сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн Э.Энхтайван; Нүүр амны их эмч мэргэжлийн I дамжааны шинэхэн элсэгч Б.Цийрэгзэн; 2022-2025 оны хичээлийн жилийн Этүгэн ирвэсүүд багийн шилдэг тоглогч, 2025 оны AUBL-ийн тэмцээний IV байрт шалгарсан, Цахилгаан хангамжийн инженер мэргэжлийн  II дамжааны оюутан З.Нямцогт; Ирвэсүүд клубийн тамирчин, 2021 оны MIU U17 алт, 2021 оны Лидэр сурагч мөнгө, 2022 оны Childrens summer league алт, 2023 sprite 3x3 алт, 2024 road to world cup мөнгө, 2024 оны “Дархан хотын спортын 60 жил” тэмцээний хүрэл, 2025 BIYB олон улсын тэмцээний алтан медальт, шилдэг 5 тоглогчдын нэг, Банк санхүү мэргэжлийн I дамжааны оюутан Ч.Пүрэв-Очир; “Etugen King music” болон “Oasis” хамтлагийн дуучин, 2024 оны “Бахархалт 100 оюутан”-ы нэг, анагаахын V дамжааны оюутан Г.Чулуунчимэг нар оролцов.

Ийнхүү Этүгэн Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөв.