ЭТҮГЭНЧҮҮД МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ Т.ЗЭВГЭЭГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Этүгэн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд, сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ, удирдлагын бүрэлдэхүүн, тэнхимийн багш нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртсэн Этүгэн их сургуулийн Анагаахын суурь эрдмийн тэнхимийн ахмад багш, доктор, профессор Түндэвийн Зэвгээг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.

Т.Зэвгээ багш 1961–1962 онд Монголын анагаахын салбарын анхны эмгэг физиологич доцент Б.Од, 1962–1964 онд ОХУ-ын мэргэжилтэн эмгэг физиологич доктор, профессор И.А. Николаевич нарыг дагалдан ажиллаж, шавилан суралцан эмгэг физиологич мэргэжлээр ууган шавь нь болсон түүхтэй.

Энэ цаг мөчөөс эхлэн өнөө хүртэл АУДэС, АУИС, ЭМШУИС болон Этүгэн их сургуульд тасралтгүй 64 жил эмгэг физиологийн багшаар ажиллаж байгаа билээ.

Тэрбээр Монгол Улсад эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, тэднийг хөгжүүлэх үйлст үр бүтээлтэй үлгэр дуурайлал үзүүлж, анагаах ухааны онолын судалгааг хөгжүүлэх, эрүүл ба эмгэг үйл судлал, харшил судлал, настан судлал, Монголын залуучуудын бие бялдрын хөгжлийн судлалд 60 гаруй жил ажилласан нөр хичээнгүй, хөдөлмөрч эрдэмтэн, судлаач, гавьяат багш юм.

Ардын багш Т.Зэвгээ таны эрдэм мэдлэг, олон жилийн хөдөлмөр, шавь нарын тань амжилтаар Этүгэн их сургуулийн хамт олон бахархаж байна.

Анагаахын салбарын ирээдүйг бүтээлцсэн эрхэм багш, мянга мянган эмч, мэргэжилтэн, судлаачдын замыг нээсэн "Багш нарын багш" Т.Зэвгээ танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!