Этүгэн их сургууль “Өвдөгний өвдөлтийг 3 зүүгээр эмчлэх арга” сэдэвт ахисан түвшний онол, практик хосолсон танхимын сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Этүгэн их сургуулийн УАУ-ы тэнхимийн 2017 оны төгсөгч, АНЭУ-ын Дубай хотын “Zhongguo TCM medical center”-ийн Уламжлалт анагаах ухааны (УАУ) эмч, Эмнэл зүйн анагаах ухааны магистр, Косметик зүү эмчилгээгээр АНУ-д мэргэшсэн, ОХУ-ын Оренбург хотын “Река Жизни” эмнэлгийн зөвлөх эмч Б.Мягмаржавтай хамтран явуулсан юм. Сургалтад нийт 30 эмч хамрагдаж, батламжаа гардан авлаа.
Энэ үеэр дараах агуулгын хүрээнд онолын мэдлэг олгож, практик дадлага хийсэн юм.
- Сувгийн оношилгоо: Зөв оношилгоонд суурилж, цөөн зүүгээр өндөр үр дүнд хүрэх жор зохиох
- Эмчилгээний арга, зарчим: Эмчилгээний өөр өөр системүүдийг сонгох болон хослуулан хэрэглэх
- Зүүний жор боловсруулах: 3–6 ширхэг зүүгээр үр дүнтэй эмчилгээний жор боловсруулах арга зүй
- Зүү хатгах техник: Зүүний чиглэл, гүн, гарын байрлал болон зөв хатгах арга
- Клиник дадлага: Өвдөгний өвдөлттэй өвчтөний бодит тохиолдол дээр оношилгоо хийж, зүү тавьж, үр дүнг үнэлэх
Сургалтыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнд УАУ-ы тэнхимийн магистр багш Б.Мягмардаш ажиллалаа.
Энэ удаагийн зүү эмчилгээний сургалт нь бодит өвчтөнд зориулан тусгайлсан жорыг 3-6 зүүнд багтаан боловсруулж, практикт шууд туршсанаараа онцлогтой байв.
.jpeg)