ХОНКОНГЫН ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР КАЙ ЧОН ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО

Монголын Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зохион байгуулсан “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний инновац” сургалт, семинарын ажиллагаанд оролцож, “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний инновац ба манлайлал” сэдвээр лекц уншсан Хонконгын Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуулийн захирал, профессор Кай Чон Этүгэн их сургуульд зочиллоо. 

Аялал жуулчлалын менежментийн сургуулийн захирал, профессор Кай Чон тэргүүтэй төлөөлөгчдийг Этүгэн их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, академич С.Нямзагд, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Н.Идэрсайхан, ГХХАГ-ын мэргэжилтэн, профессор Л.Гүрбазар, мэргэжилтэн Д.Баяржаргал, ЭЗМС-ийн захирал Л.Нямхүү, Ш.Нарангэрэл нар  хүлээн авч уулзлаа. 

Хонконгын Политехникийн их сургууль дэлхийн топ 100 их сургуулийн нэг бөгөөд түүний бүрэлдэхүүн болох Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургууль нь зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын менежментийн чиглэлээр 2024 онд QS Азийн бүсийн зэрэглэлээр тэргүүн байранд шалгарсан байна. 

Уулзалтын дараа профессор Кай Чон Этүгэн их сургуультай танилцаж, Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, бизнесийн удирдлага мэргэжлийн оюутнуудтай уулзалт хийж, лекц уншиж, дурсгалын зураг авахуулав.

Монголын Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зохион байгуулсан “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний инновац” сургалт, семинарт Этүгэн их сургуулийн  эдийн засаг, менежментийн  тэнхимийн  багш Ц.Жавзандулам оролцож Этүгэн их сургуулийн аялал жуулчлал, сувиллын менежмент, хоол үйлдвэрлэлийн  технологи,  бизнесийн  удирдлага,  маркетингийн  ангийн  оюутнуудыг зочин  профессор  Кай Чон-той  уулзах уулзалтыг  зохион байгуулав. Уулзалтанд 50  гаруй оюутан хамрагдсан бөгөөд  олон сонирхолтой  асуулт хариулт  өрнүүлж чадлаа.  Профессор  оюутнуудад  сурлагын  өндөр  амжилт  хүсээд аялал  жуулчлал-зочлох үйлчилгээ,  маркетинг, инноваци ба  дижитал шилжилт, тансаг  зэрэглэлийн үйлчилгээ гэсэн 4  модуль  сургалтанд үнэ  төлбөргүй  онлайн  хэлбэрээр хамрагдах боломж олголоо.

Этүгэн их сургууль, Хонконгын Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургуулийн хамтын ажиллагаа уг үйл ажиллагаагаар эхэлж цаашид улам нягт хамтын ажиллагаа хийхээр төлөвлөж байна. Бидний  хамтын ажиллагаа цаашдаа  улам бүр өргөжинө  гэдэг  итгэлтэй байна.