БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег Этүгэн их сургуульд зочиллоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве Этүгэн их сургуульд 2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зочилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Ноён Элчин сайдыг дагалдан Элчин сайдын яамны консул, боловсролын атташе Сонам Ригчок, мэргэжилтэн Т.Солонго нар хүрэлцэн ирэв.  

Элчин сайд ноён Атул Малхари Готсурвег Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч академич С.Нямзагд халуун дотноор хүлээн авч уулзан, сургуулийн үүсэл хөгжил, соёл, сургалт, судалгааны үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус уулзалтад ЭИС-ийн Ректор, доктор профессор Б.Батсэрээдэнэ, Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн захирал, доктор Б.Насанбаяр, Сургалт эрхэлсэн захирал Ц.Мөнгөнцэцэг болон Анагаах ухааны тэнхим, сургуулийн удирдлагууд байлцав.

Элчин сайд ноён Атул Малхари Готсурве Анагаах ухааны хөтөлбөрийн сургалтын эмнэлэг, сургалт судалгааны лабораториуд, оюутны хөгжлийн төв, усан бассейн зэрэг сургалтын орчинтой танилцах үеэр сургуулийн багш, суралцагчидтай уулзаж, ярилцав. Тус уулзалтын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Этүгэн их сургуульд багш судлаачид зочлон, сайн туршлагаа хуваалцан хамтран ажиллах, оюутан залуусыг суралцуулах чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ Эрхэм элчин сайд илэрхийллээ.

 

Гадаад харилцааны хэлтэс