.jpg)
Этүгэн их сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв” байгуулах, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Student HUB-д зохион байгууллаа. Тус санамж бичигт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийг төлөөлөн тус сургуулийн профессор Kim Hong-Gee, Этүгэн их сургуулийг төлөөлөн тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ нар гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа баталгаажуулав. Ёслолын үйл ажиллагааг анагаахын оюутан А.Одбаяр морин хуурын аялгуугаар ёслол төгөлдөр эхлүүлэв.
.jpg)
Нээлтийн үйл ажиллагааны хүндэт зочид, төлөөлөгчид:
- БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Kim Hong-Gee;
- Этүгэн их сургуулийн Хүний их эмчийн 2015 оны төгсөгч, Өмнөд Солонгосын Самсунг корпорацийн эмнэлгийн дижитал эрүүл мэндийн эрдэмтэн, Сөүлийн үндэсний их сургууль, Этүгэн их сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв”-ийн захирал;
- Unicef Mongolia (United Nations Children’s Fund) Ч.Батаа;
Этүгэн их сургуулийн оролцогчид:
- Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд;
- Ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ;
- Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг;
- Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Б.Насанбаяр;
- Нийгэм, эдийн засаг хөгжил эрхэлсэн дэд захирал Н.Бадамсүрэн Бүрэлдэхүүн сургуулиудын захирал, тэнхимүүдийн эрхлэгч нар болон оюутнуудын төлөөлөл гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцов.
.jpg)
Зочид төлөөлөгчидтэй уулзалт хийх үеэр Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч С.Нямзагд танилцуулга хийж санал солилцлоо.
.jpg)
Ёслолын үйл ажиллагааны үеэр Сөүлийн их сургууль, Этүгэн их сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв”-ийн захирал Б.Баярбаатар тус төвийн талаар танилцуулга мэдээлэл хүргэв. Тэрбээр "Энэхүү төв байгуулагдсанаар хиймэл оюунд суурилсан дүрс оношилгоо болон цахим эрүүл мэндийн дэвшлийг Монголын анагаах ухааны салбарт нутагшуулах, улмаар оюутнууд маань олон улсын түвшний судалгаа, эрдэм шинжилгээний ажилд суралцах, чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэх зэрэг олон боломжуудыг бүрдүүлэх юм" хэмээн онцлон тэмдэглэлээ.
.jpg)
.jpg)
Мөн хүндэт зочин БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Kim Hong-Gee, Unicef Mongolia (United Nations Children’s Fund) Ч.Батаа нар үг хэлэв. Тэд: "Хоёр улсын нэр хүндтэй сургуулиудын энэхүү түншлэл нь эрүүл мэндийн цахим шилжилтийг хурдасгаад зогсохгүй, хүүхэд залуус, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, технологид суурилсан хүртээмжтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байна" гэв.
.jpg)
Тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ хүндэт зочид төлөөлөгчид, нийт оролцогчдод хандан энэхүү цахим эрүүл мэндийн төвийн талаар үг хэлэв. Тэрбээр: "Манай сургуулийн хувьд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа дэлхийн шилдэг Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран цахим эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг нээсэн нь түүхэн үйл явдал боллоо. Төвийн үйл ажиллагааг хамтын ажиллагааны хүрээнд дэмжин ажиллах болно. Та бүхэн энэхүү түүхийн гэрчээр оролцож байгаад баяртай байна" хэмээв.
.jpg)
Энэхүү төв нь цахим эрүүл мэнд, анагаах ухаан дахь хиймэл оюун, эрүүл мэндийн өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр салбар дундын судалгаа, боловсрол, инновацыг хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулах зорилготой юм.