Этүгэн их сургуулийн багш, оюутнууд Ниншя анагаах ухааны их сургуулийн зуны сургалтад хамрагдлаа

Этүгэн их сургууль болон БНХАУ-ын Ниншя Анагаах Ухааны Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн 24 багш, ажилтан, оюутнууд тус сургуулиас 2026 оны 7 дугаар сарын 13--26-ны өдрүүдэд зохион байгуулсан 14 хоногийн олон улсын зуны сургалтад амжилттай хамрагдлаа.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн уг сургалт нь "Шар мөрний сав газрын үйлдвэрлэл, Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний хоол ба эрүүл мэндийн дэглэм" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Оролцогчид хоёр долоо хоногийн турш онол, практикийг хослуулсан баялаг хөтөлбөрт хамрагдаж, дараах чиглэлүүдээр мэдлэг, туршлага хуримтлуулав. Үүнд:

  • Уламжлалт анагаах ухаан, инноваци: Хятадын уламжлалт анагаах ухааны үндсэн онол, "Харах, сонсох, асуух, судас тэмтрэх" оношилгооны аргуудтай танилцаж, Бадуаньжин дасгал хийсэн бөгөөд хиймэл оюуныг анагаах ухаантай хослуулан хөгжүүлж буй дэвшилтэт туршлагаас суралцлаа.
  • Онол, практикийн дадлага: Тус сургуулийн кампус, анагаахын лаборатори, клиникийн сургалт-дадлагын төв, уламжлалт анагаах ухааны эмийн ургамлын музей, анатомийн музей болон ургамлын цэцэрлэгтэй газар дээр нь танилцаж, судалгааны орчинд дадлага хийлээ.
  • Бүс нутгийн үйлдвэрлэл, байгаль хамгаалал: Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, усны аж ахуйн бүтээн байгуулалттай танилцсан бөгөөд Ниншя бүс нутгийн алдарт гожи жимс болон усан үзэм тариалалтын түүх, тэдгээрийн эмчилгээний ач холбогдол, үйлдвэрлэл, бизнесийн туршлагыг судлав.
  • Хэл, соёлын хөтөлбөр: Хятад хэлний анхан шатны ярианы цуврал хичээлд хамрагдаж өдөр тутмын харилцааны чадвар эзэмшихийн зэрэгцээ Хятадын уламжлалт бүжиг, луугийн бүжиг суралцаж, түүх соёлтой нь ойрхон танилцлаа.

Сургалтын хугацаанд Ниншя Анагаах Ухааны Их Сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар цаашид уламжлалт анагаах ухааны мэдрэл судлалын чиглэлээр судлаач багш нарыг Этүгэн их сургуульд зочин багшаар урих, хамтарсан судалгаа өрнүүлэх, багш болон оюутан солилцоог улам өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Этүгэн их сургууль нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрүүдэд багш, оюутнуудаа тогтмол хамруулах бодлогыг амжилттай хэрэгжүүлсээр байна.