ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН АНХНЫ ПРОФЕССОРЫН БАГУУД БАЙГУУЛАГДЛАА

Этүгэн их сургуулийн Ректорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 206 тоот тушаалаар 6 бүрэлдэхүүн сургууль, 14 тэнхимийн 18 Профессорын баг, удирдамж, судалгааны чиглэл, багийн ахлагч нарыг баталлаа. Тус тушаалын дагуу Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Насанбаяр “Профессорын багийн төсөл хэрэгжүүлэх, гүйцэтгэх, санхүүжүүлэх гэрээ”-г  2024 оны 12 дугаар сарын 19-нд 15 багтай байгуулж, үйл ажиллагааг эхлүүлж байна.

Этүгэн их сургуулийн профессорын багийн гэрээ гардуулах үйл ажиллагааны үеэр Анагаах ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор У.Цэрэндолгор судалгааны төсөл хэрэгжүүлсэн сайн туршлага, Био-анагаахын тэнхимийн багш, Эрдэм шинжилгээ, инновацын албаны менежер, докторант Д.Амгаланзаяа Web of Science, Scopus, IF-тай сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн сайн туршлагаа хуваалцлаа.

Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Насанбаяр Этүгэн их сургуулийн хөгжлийн стратеги:2030-ын “Эрдэм шинжилгээ, инновацийг олон улсын жишигт хүргэх” зорилгын хүрээнд 2021-2024 он хүртэлх хугацаанд судалгааны 22 төслийг сургуулийн санхүүжилтээр  хэрэгжүүлж, нийт 185 эрдэм шинжилгээний бүтээл гарсан. Үүнээс дотоодод 166 бүтээл, олон улсад 19 бүтээл хэвлэгдсэнээс Web of Science болон Scopus-д бүртгэлтэй, IF-тай сэтгүүлд 10 өгүүлэл, илтгэл нийтлэгдсэн” болон судалгааны төслүүд хэрэгжүүлснээр профессорын баг байгуулагдах суурь тавигдсан тухай илтгэлдээ онцлон тэмдэглэж байв. 

Профессорын баг нь тодорхой нэг судалгааны чиглэлд төвлөрч, шинжлэх ухаан, мэргэжлийн салбарт нөлөө үзүүлэн, бодитой хувь нэмэр оруулах зорилготой профессор, багш, судлаач, суралцагчдын хамтарсан баг, бүрэлдэхүүн юм.

2024 оны 12 дугаар сараас 2026 оны 12 дугаар сар хүртэлх 2 жилийн гэрээний  хугацаанд профессорын 15  багууд Web of Science, Scopus, IF-тай сэтгүүлд 23 өгүүлэл,  нэг сэдэвт 164 бүтээл, дотоодын 282 илтгэл, өгүүлэл болон ном, гарын авлага ашигтай загварын гэрчилгээ, патент, бүтээлч ажил зэрэг нийт 502 эрдэм шинжилгээний бүтээл, үр дүн төлөвлөсөн нь сургалтын чанар, судалгаа, инновацын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

Профессорын багийн төсөл хэрэгжүүлэх, гүйцэтгэх, санхүүжүүлэх гэрээ байгуулах үйл ажиллагаанд Сургалт эрхэлсэн захирал Ц.Мөнгөнцэцэг, Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг, Инженер, технологийн сургуулийн захирал Л.Нямхүү, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа, Эм зүйн сургуулийн захирал С.Идэртунгалаг болон тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч нар оролцлоо.

Мэдээллийн ажилтан Т.Бадамцэцэг