2000-аад оны эхэн үед юм даа, Монголд инновац гэж үг дөнгөж нэвтэрч, ялангуяа шинжлэх ухаан, технологийн газруудад ийм үгтэй үзэсгэлэн, хурал болдог байлаа. Инновацыг хэт томоор, нүсэр байдлаар хүлээн авч “Инновацыг амьдралд нэвтрүүлэхэд их хөрөнгө мөнгө, цаг зарцуулна” гэж мэргэжилтнүүд ярьж байхыг сонсож байлаа.
14 жилийн дараа “Этүгэн” их сургуулийн инновацын өдрүүдийг сурвалжлах завшаан тохиох үеэр “Инновац гэдэг бол амьдралаас тасарчихсан зүйл биш, бид өдөр тутам инновацлаг орчинд амьдарч, сурч, боловсорч болдог юм байна” гэсэн цоо шинэ ойлголттой болоодохлоо. 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байруудад зохиогдсон “Этүгэн инновацын өдрүүд III” өдөрлөгөөс хийсэн сурвалжилгаа сонирхуулъя.
Инновацын эхний өдөр нээлтийн хурал эхлэх үеэр танхимын үүдний угтах хэсэгт оюутнууд нэгэн зэрэг нижигнэтэл алга ташин хүндэт зочдоо угтаж буй таатай мэдрэмж, хөгжүүн чимээтэй давхцан өдөрлөг нээлтээ хийлээ.
Монголын Улсын гавьяат эдийн засагч, Академич, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, “Этүгэн” их сургуулийн захирал С.Нямзагд хэлсэн үгэндээ сургуулиа “Инновацлаг их сургууль болно” хэмээн тодотгосон юм. Түүнийг нээлтийн урд удаан үг хэлэх юм байх гэж бодтол товчхон эхлүүлээд л “Түгжрэл ба хиймэл оюун ухаан: Шийдэл” гэсэн илтгэл тавьчихаж байгаа юм. Энэ сургууль бол хотын А бүсэд, төвд байдаг. Хотын түгжрэлийн төвд байдаг гэсэн үг. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах, арилгахад “Этүгэн” их сургууль оролцогч, тоглогчийн хувиар шийдэл гаргаж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэсэн С.Нямзагд захирлын үгийг танхимд суусан оюутнууд нэгэн дуугаар алга ташин дэмжив. Мөн энэ сургуулийнхан агаарын бохирдол, утааны асуудалд ч оролцогч, тоглогчийн хувиар хувь нэмрээ оруулж, нийслэлээ хөгжихөд гар бие, оюунаараа оролцох ажээ. Түүний тавьсан итгэлээс зарим содон баримтуудыг дурдвал, одоо оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байгаа бол энэ байдлаар үргэлжилбэл 2030 онд дээрх хурд 5 км/цаг болж улам удааширч, 2040 онд хот бүхэлдээ тэг зогсолтод орох бөгөөд нэг газраа түгжирвэл огт хөдлөхгүй өдрийн турш зогсохоор ажээ. Улаанбаатар хотод сүүлийн 10 жилд автомашины өсөлт замын өсөлтөөс 201 дахин хурдан болжээ.
С.Нямзагд захирал хиймэл оюун ухаанаас “Улаанбаатарын түгжрэлийг шийдвэрлэх ямар гарц шийдэл байна вэ” гэж асуухад “Нийтийн тээврээ хөгжүүл, автомашины хөдөлгөөнийг зохицуул, төвлөрлийг бууруул, зогсоолын асуудлыг шийдвэрлэ, мэдээллийн технологи, дижитал ашигла, төрийн бодлого ба иргэдийн оролцоо” гэсэн долоон шийдэл хэлж өгчээ. Эдгээрээс “Мэдээллийн технологи, дижитал ашиглах” гэсэн хувилбарыг тэрээр ихэд олзуурхан хүлээн авч, хэрэгжүүлж болох боломжтой гэлээ. Ингээд түгжрэлийг бууруулахад “Бидний зүгээс санал болгож буй шийдэл”-ээ танилцуулсан юм. Нэгдүгээрт, төвөөсөө жигдэвтэр алсалсан авто замын цагираг үүсгэх арга. Дэлхийн томоохон хотуудын замын хөдөлгөөний зураглалыг харахад ийм цагираг үүсгэх маягаар түгжрэл, ачааллаа шийдэж буйг Москва, Бээжин хотын жишээн дээр танилцуулав. Хоёрдугаарт, чөлөөт огтлолцол бүхий хоёр түвшинт зам бий болгох, гуравдугаарт, хиймэл оюун ухаанд суурилсан цахим төлбөрт систем бүтээн нэвтрүүлэх арга байгаа юм байна. Гуравдугаарт, хиймэл оюун ухаан замын нөхцөл байдлыг шинжилж, хөдөлгөөний урсгалыг шинжлэх юм байна, түүнчлэх тогтмол ажилладаг гэрлэн дохиог хиймэл оюун ухаанаар удирдуулснаар динамик дохионы тохиргоотой болно. Мэдээж ухаалгаар шийдэх учир тухайн нөхцөд тохирсон хугацаагаар гэрлийг өөрчилнө, ачаалал ихтэй үед замын тухайн хэсэгт ногоон гэрлийн хугацааг уртасгана, шөнийн цагаар “шаардлагагаар солигдох горимд” шилжиж, машиныг илрүүлсэн үед л ногоон болгоно... зэргээр зохицуулалт оруулах аж. AI замын хөдөлгөөнийг урьдчилан таамаглах ба идэвхитэй зохицуулалт хийнэ, олон уулзварын уялдаа холбоог хөгжүүлж чадвал машинууд тогтсон хурдтай явсаар дараалсан бүх уулзвараар ногоон гэрлээр гарах тохиргоотой болно. Мөн AI жолоочийг сул зогсоол руу чиглүүлнэ, цаг агаарын нөхцөлөөс хамааран гэрлэн дохионы хугацааг өөрчилнө... гэх мэтээр AI-ийн тусламжтайгаар хотын түгжрэлийг хялбархан шийдэх боломж бийг С.Нямзагд захирал илтгэлдээ дурдаж байсан нь хүрэлцэн ирсэн зочдод урам зориг өгч “Нээрэн түргэн шийдэх боломжтой л юм байна” гэсэн итгэл төрүүлсэн нь танхим дахь уур амьсгалаас мэдрэгдсэн юм.
Нээлтийн үеэр үүнээс гадна хэлэлцэгдэх илтгэлүүдийн нэрийг харахад робот мэс засал, AI-банк санхүү, дроны хөгжил гэсэн нэн сонирхолтой, цаг үетэйгээ уялдсан сэдвүүд байлаа.
Нийслэлийн Инновацын төвийн захирал Э.Дагва “Манай төвд олон дата, судалгааны ажил бий. Докторын зэрэг хамгаалах хэмжээний судалгааны ажил олон байна” хэмээн тус сургууль болон оюутнуудтай нь хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлж байлаа. “Этүгэн” их сургуулийн төгсөгч, инженер Энхболд “Робот мэс засал системийн шинэ эрин үе”-ийн тухай илтгэлдээ мэс заслын хувьслын талаар танилцууллаа. Нээлттэй мэс заслаас дурангийн мэс засал руу шилжсэн нь олон давуу талтай ч түүний дараагийн үе болох робот мэс засал дэлхийн эрүүл мэндийн салбарт 2020 оноос робот мэс заслын огцом өсөж буй үзүүлэлтийг харуулав. Тэрээр Revo-I робот мэс заслын системийг танилцуулж, Монголд суурилуулсан туршлагаа хуваалцлаа.
Инновацын өдөрлөгийн нээлтээс эхлүүлж ийнхүү шинэ санаа, мэдлэг, шийдэл олж сонссон хэний ч тархи сэргэж, өөр ямар ямар сонирхолтой юм хаана байгаа бол гэсэн ухаалаг эрэл хөдөлж байгаа юм.
Өнгөрсөн жил Тайвань, Япон, Тайланд, Вьетнам, Монгол Улсын магадлан итгэмжлэлийн байгууллагууд хамтран Монгол Улсын 48 их сургуулийг сонгон, чанарын судалгааг хийж л дээ. Тус судалгааны 17 үзүүлэлтээс “Этүгэн” их сургуулийн 14 үзүүлэлт нь Монгол Улсын дунджаас дээгүүр, үлдсэн гурван үзүүлэлт нь дундажтай ойролцоо байсныг тогтоожээ.
Судалгааны баг тус сургуулийн мэдээллийн систем, сургах үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хүртээмж, боловсролын зорилго, суралцахуйн үр дүн, ерөнхий эрдмийн хичээлийн үр дүн, ажил мэргэжилд чиглүүлэн зөвлөх үйлчилгээ, сургуульд өгөх суралцагчийн үнэлгээ, номын сан гэсэн есөн үзүүлэлт нь олон улсын дундажтай ижил болон дээгүүр байгааг дурдсан байна. Ингээд олон улсын дундажтай ижил болон дээгүүр түвшинд үнэлэгддэг “Этүгэн” их сургуулийн байруудаар манай сурвалжлах баг зочилж, инновацуудтай нь нэг бүрчлэн танилцаж, заримыг нь биеэр туршиж, нүдээр харж, барьж мэдэрч үзлээ. Анагаах ухааны сургууль, Био анагаахын тэнхим, Боловсрол судлалын тэнхим, Инженерийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Уламжлалт анагаах ухааны тэнхим, Сувилахуйн сургууль, Эдийн засаг, менежментийн сургууль, Эм зүйн сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсролын “Этүгэн” сургууль, Оюутны хөгжлийн алба, Төслийн баг, Сургалтын бодлого, зохицуулалтын алба, Номын сан гэсэн 15 маршрут гаргаад сурвалжилгаа эхэллээ.
“ЗӨВ ДАДАЛ, ЗӨВ ХЭВШИЛ” ИННОВАЦ
“Этүгэн” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Отгонзаяа: Манай сургууль энэ жилийн “Этүгэн инновац” өдөрлөгт “Зөв дадал, зөв хэвшил” гэсэн инновацаараа оролцож байна. Сургалт, эрдэм шинжилгээний тал дээр манай сургуулийн гадаад харилцааны албаныхан Япон улстай гэрээ хийж, өнгөрсөн жил хоёр оюутан тус улсад дадлагажих оюутнаар ажилласан. Өнөө жилийн хувьд 20 гаруй оюутан Японд сургалтад хамрагдаад явж байна.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Мэргэжлийн боловсролын сургууль хичээлийн 4-р байрны 2 давхарт танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Инновацын өдөрлөгтөө бид 5 инновацлаг санаагаараа оролцож байна.
- Шимт нойр
- “Нэг алхам” эмчилгээний бариа засал
- Гэр бүл төлөвлөлт-Бидний амьдралын инноваци
- Цэцгэн охид-Хамтдаа суралцъя
- Таван тивийнхэн-Бид хамт
Гэр бүлээ амжилттай төлөвлөх нь хүн амьдралдаа хийж байгаа хамгийн чухал инновацлаг зүйл гэдгийг манай оюутнууд сургалт, дадлагын явцдаа илрүүлж, инновацлаг санаанд дэвшүүлсэн. “Цэцгэн охид-Хамтдаа суралцъя” инновац бол охид эрүүл мэнддээ анхаарах нь ямар ач холбогдолтой вэ, эмэгтэй хүн, охид бол нийгмийн болон гэр бүлийн эрүүл мэндийн чухал хэсэг юм гэдгийг гаргаж ирсэн. Таван тивийн хүмүүс бид бүгдээрээ эрүүл, аз жаргалтай амьдрах нь эрхэм юм. Эрүүл байхын тухайд толгойн оройноос, хөлийн үзүүр хүртэл бүхий л үйлчилгээг үзүүлэх юм. Манай сургууль ямар онцлогтой вэ гэвэл, эмчилгээний бариа засалч, туслах сувилагч гэсэн хоёр мэргэжлээр бэлтгэдэг. Тиймээс энэ удаагийн инновацад эмчилгээний болон хүнийг эрүүл чийрэг байхад чиглэсэн хөтөлбөрөөр оролцож байна. Дээр дурдсан таван инновац нь манай сургууль дээр тасралтгүй байнга явагддаг ажлууд юм. Эдгээрийг сургалт, эрдэм шинжилгээндээ ашигладаг. Бас нэг шинэлэг зүйл нь бид шинэ мэргэжил болох Хөдөлгөөн заслын туслах гэдэг мэргэжлээр бэлтгэж эхэлсэн явдал юм. Манай сургуулийн хамгийн чухал бас нэг инновацлаг зүйл бол дадлага. Хичээлийн цагийнхаа гуравны нэгд нь дадлага хийлгэдэг. Хоёр мэргэжил тус бүрдээ 10 гаруй дадлагын газартай. Манай оюутнууд дадлага хийсэн газартаа ажилд ордог буюу дадлагын газраасаа шууд ажлын байртай болдгоороо онцлогтой гэлээ.
“ТАВАН МАХБОДЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ” ХӨТӨЛБӨРТЭЙ УЛАМЖЛАЛТЫНХАН
Уламжлалт анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Б.Нямжав “Монголын уламжлалт анагаах ухааны өв соёлд суурилсан таван махбодын оношлогоо хийж, хүний биеийн онцлогт тохирсон эмчилгээ, зөвлөгөө гэсэн төслийг туршлагатай тэргүүлэх зэргийн эмч нартай хамтран проессорын баг байгуулж хэрэгжүүлж байна.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Мэргэжлийн боловсролын сургууль хичээлийн 4-р байрны 2 давхарт танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Мөн эмийг хандан, архин, тосон, талхан зэрэг олон төрөл хэлбэрээр гаргасны зэрэгцээ хүүхдийг адын өвчнөөс сэргийлэх зүүлт, хэлийг хурц болгох домд хэрэглэгддэг гүргэмтэй ХРИ үсэгтэй тамга, эмийн үрт ургамалын ашиглан биемахбодыг тэнцвэржүүлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой цай зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний инноваци гаргаж байгаа” талаар дурдав.
КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭТҮГЭН ИНТЕРНЭШНЛ СУРГУУЛЬ
Тус сургуулийн сурагчид үкүлэлэ тоглож зочдын сонорыг мялааж байлаа. Гуравдугаар ангийн сурагч С.Аядана, дөрөвдүгээр ангийн сурагч Э.Гэгээн нар галт уул оргилдог туршилт, хүлэмжний дуслын усалгааны системийн туршилтыг үзүүлэх аж. Мөн сурагчид гарын доорх материал, байгалийн чулуу мод зэргийг ашиглаж урласан бүтээлүүдээрээ үзэсгэлэн ч дэлгэжээ.
Энэ үеэр Ерөнхий боловсролын “Этүгэн” сургуулийн захирал С.Батсүх: Манай сургууль Ерөнхий боловсролын сургуулийн түүхэнд юугаараа онцлог байх юм бэ, яагаад манай сургуулийг хүмүүс сонгож, хүүхдээ сургах болсон таван шалтгааныг дурдъя. Нэгдүгээрт, орчин. Орчин бол сурах, боловсрох, хөгжих, хүн байхуйд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. “Этүгэн Интернэшнл” сургууль ирэх хичээлийн жилээс Герман улсын шилдэг архитектурын шийдэлтэй, цогцолбор бүхий байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулна. Хоёрдугаарт, манайх Cambridge-ийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургууль юм. Гуравдугаарт, англи, хятад, герман хэлний хөтөлбөртэй. Англи хэл бол Cambridge-ийн хөтөлбөрийн үндсэн хэл учир сурах бичиг, сургалт бүх үйл ажиллагаа англи хэл дээр явна. Багш нар маань хичээлээ англи хэл дээр хөтөлж явуулна. Cambridge-ийн хөтөлбөрт хоёр дахь хэл гэж сонгодог. Энэ нь хятад, герман хэл байх юм. Манай сургуулийг сонгох дөрөв дэх гол шалтгаан бол “Этүгэн” их сургууль, ЕБС гээд бүгд “Хүн байхуй” гэдэг чухал үнэт зүйлтэй. Тав дахь шалтгаан бол хөгжүүлэх хөтөлбөртэй. Хичээлийн дараах гэж ярьцгаадаг. Харин бид “Хөгжүүлэх хөтөлбөр” гэж нэрлэж байгаа гэлээ.
“Этүгэн Интернэшнл” сургуулийн барилгын ажил дуусч, дотоод заслын ажил нь ч шуударч байгаа юм байна. Дэлгэц дээр тус сургуулийн гадаад болон дотоод орчинг зочдод танилцууллаа. Орчин үеийн номын сан, биеийн тамир болон хооллох заал, бүхий л шаардлагыг хангасан анги танхим, лабораториудтай, хичээлийн дараах буюу хөгжүүлэх хөтөлбөрийн зураг, дуу хөгжим, амралтын танхимууд нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор хангагдсан. Кинон дээрээс л хардаг байсан сургууль удахгүй ашиглалтад орох гэж байгаа бөгөөд одооноос эцэг эхчүүд тус сургуулийг судалж, хүүхдээ сургах талаар яриад эхэлсэн гэнэ.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ЭТҮГЭН ЕБС-ийн АВЬЯАСЛАГ СУРАГЧИД ОРОЛЦЛОО. 2024.11.27-28
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Sunday, December 8, 2024
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ЭТҮГЭН ЕБС-ийн "ИРВЭСҮҮД" ӨСВӨРИЙН БАГ ТАМИРЧИД ҮЗҮҮЛЭХ ТОГЛОЛТ ХИЙН ОРОЛЦЛОО. 2024.11.27-28
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Sunday, December 8, 2024
ЭТҮГЭН ЭМИЙН УРГАМАЛ ТАРИМАЛЖУУЛАХ ТӨСӨЛ
Бидний дараагийн зочилсон сургууль бол Эм зүйн сургууль байлаа. Багш, оюутнууд өөрсдийн гаргаж авсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэж тавьжээ. Дархлаа дэмжих цай, лаа, тос, ундаа, амттан, тан гээд зүйл бүрийн л бүтээгдэхүүн өрөөстэй. Угтах хэсэгтээ оюутнууд зочдод өөрсдийн тавьсан жимсээр хийсэн цай, жүүсээ барьж дайлж байлаа. Тус сургуулийн багш Б.Оюунцэцэг: Манай Эм зүйн сургууль хоёр чиглэлээр сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулдаг. Капсул, шахмал эмийг хүмүүс мэднэ. Байгалийн гаралтай, ургамлын хичээлүүдийг бид нэгдүгээр курсээс нь эхлүүлж мэдлэг, чадвар, хандлагыг нь өгч төлөвшүүлдэг. Оюутнууд нэгдүгээр курстээ ургамлыг гадаад, дотоод бүтцээс нь судалж, дараагийн улирлаасаа ургамлынхаа ангилалзүйг тодорхойлж эхэлдэг. Үүний үндсэн дээр бид Эмийн ургамлын нөөц судлал гэдэг хичээлийг хоёрдугаар курсээс нь заадаг. Энэ хичээлийн хүрээнд Монгол орны нэн ховор, ховор ургамлыг судалж эдгээртэй холбоотой хууль тогтоомж, Байгалийн ургамлын тухай хууль, Генетик нөөцийн тухай хуулиудаа мэдэж авдаг. Үүнээс гадна эдгээр ургамлыг хэрхэн тарималжуулах талаар аргазүйгээ мэдэж авдаг. Мөн түүнчлэн Эмийн ургамал судлал хичээлээр ургамлуудад агуулагдах бодисоос хамаарч, ямар өвчинд хэрхэн хэрэглэдгийг багаар нь ажиллуулж мэдлэг, чадвар эзэмшүүлдэг. Энэ хичээлээ бүрэн үзэж дууссаны дараа Эмийн ургамлын хээрийн дадлагад гардаг. Нэгдүгээр курсээсээ судалсан ургамлуудаа байгаль дээр нь очиж түүгээд тодорхойлдог. Эмийн ургамлын хичээлийн хүрээнд “Этүгэн” эмийн ургамал тарималжуулах төслийг хэрэгжүүлдэг. Уг төсөлд оюутнууд маань гар бие оролцож, өөрсдөө ургамлын хөрсөө бэлтгэж, тарималжуулдаг. Ингэж хичээлүүд минь харилцан тойрог маягаар уялдаж явдаг. Энэ төсөл дээр хөх далан хальс, чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү, эмийн хумсан цэцэг, чацаргана зэрэг ургамлыг тарималжуулж байна. Тарималжуулсан эдгээр ургамлаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, “Этүгэн брэнд”-ийг бий болгох ажлыг хийж байна хэмээлээ.
Эмзүйн сургуулийн захирал С.Идэртунгалаг “Этүгэн” их сургуулийн дадлагын бааз болох Харзтайн хэсэгт 12 га газрын талбай дээр нийтдээ 3 га-д таван төрлийн эмийн ургамлыг тарималжуулаад байна. Стратегийн төлөвлөлтийн дагуу эмийн цех, эмийн үйлдвэр байгуулах ажил дээр нэлээд ач холбогдол өгч ажиллаж байгаа тухай ярьсан юм. Тус сургуулийн ахмад багш Ц.Дашзэвэг “Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн эм болон эмийн хэрэглээнээс татгалзаж аль болох органик хэрэглээ рүү шилжихийг зорьж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгодог болоод байгаа. Манай оюутнууд инновацын өдрүүдэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа нь үүнийг нотлох нэг жишээ болж байна” гэж байлаа.
ЭРЭЛТТЭЙ 30 МЭРГЭЖЛИЙН ГУРАВТ БИЧИГДДЭГ БИО АНАГААХ
Эмзүйн сургуулийн ойролцоо Био анагаахын тэнхим инновацын өдөрлөгөө хийж байв. Био анагаахын тэнхимийн эрхлэгч А.Золзаяатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр “Манай оюутнууд хаягдал тос ашиглаж гоо сайхны саван, үхрийн хаягдал мөгөөрсөөр үе мөч, мөгөөрсний бэлдмэл хийсэн. Орчин үеийн чиглэл маань тэргүүлэх чиглэл учраас био анагаахын генетик болон удамзүй, молекул биологи зэрэг салбаруудыг хамруулсан бүтээгдэхүүн, судалгааны чиглэлүүдээр ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. Эдгээр салбаруудыг хамруулсан бүтээгдэхүүн, судалгааны чиглэлээр судалгааны 9 төсөл хэрэгжүүлж Web of Science, Scopus-д бүртгэлтэй, IF-тай сэтгүүлд гурван илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн нь манай инновацын үр дүн юм. Эдгээр нь манай инновацын үр дүн Монголд био анагаахын чиглэлээр хоёрхон газарт мэргэжилтэн бэлдэж байгаа. АШУҮИС болон “Этүгэн” их сургуульд бэлддэг. Хоёр жилийн өмнөөс манай сургуулийн удирдлагууд төслийг санхүүжүүлж эхэлсэн учраас багш нар маань Оюуны өмчийн бүтээлүүдээ гаргаж байна. Дэлхийн судалгааны чиглэлүүдэд хөл нийлүүлэх боломжийг бидэнд олгож байгаа. Манай тэнхим “Этүгэн инновац” өдөрлөгтөө анх буюу зургаан жилийн өмнө оролцохдоо төгсөгчид дээрээ суурилаад, тэд ямар мэргэжилтэн болоод юу хийж байна вэ, юу бүтээж байна вэ гэдэг дээр анхаарч байснаараа онцлог байсан. Энэ жилийн хувьд бид өөрсдийнхөө нөөц бололцоог түшиглээд багш нар, ажил олгогч, эцэг эхчүүд маань энэ салбарын хөгжлийг харах үүд хаалгыг нээж өгч байгаагаараа илүү давуу талтай болж байна” гэлээ.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Био-Анагаахын тэнхим хичээлийн 1-р байрны 305-д танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Тус тэнхимийн багш Э.Энхтайван “Манай мэргэжил 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. 2010 онд Био анагаахын мэргэжлийн зөвлөл байгуулагдсан. 2012 оноос манай мэргэжил анхны төгсөлтөө хийсэн. Мөн Магистрын хөтөлбөр авсан. Инженерчлэлийн тэнхим ч байгуулагдсан. 2016 оноос бие даасан тэнхим болж, одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 оноос манай оюутнууд эрдэм шинжилгээний болон дипломын ажил бичиж эхэлсэн. 2022 оноос Био анагаахын мэргэжлийн хөтөлбөр нь Үндэсний хэмжээний магадлан итгэмжлэлээр таван жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдээд явж байна. Өнгөрсөн жил бид ASIIN буюу Олон улсын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шаардлагын дагуу өөрийн үнэлгээний тайланг бичсэн. 2024-2029 он хүртэл Био анагаахын хөтөлбөр маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Манай мэргэжлийн хувьд олон улсад эрэлттэй 30 мэргэжлийн гуравдугаар байрт орсон. Үндэсний хэмжээнд бол ТОП мэргэжлийн хоёрдугаарт ордог мэргэжил юм. Голч дүнгээс хамаарсан Засгийн газрын тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой. 2.8-аас дээш голчтой бол Засгийн газраас 100 хувь тэтгэлэг авах боломжтой. Бид 2012 оноос мэргэжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж явсаар олон улсад болоод ASIIN-д магадлан итгэмжлүүлснээрээ 2030 он хүртэл стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна” гэж сургалтын хөтөлбөр болон мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй сонирхуулсан юм. Монголд төдийгүй, дэлхийд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэдэг тэнхим “Этүгэн” их сургуульд байгаа нь талархалтай санагдаж байлаа.
ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ
Үүний дараа жинхэнэ түм түжигнэж, бум бужигнасан нэгэн танхим руу ороод ирлээ. Энд тэнд үзлэг хийсэн, хагалгаа хийсэн, тариа, тариур барьсан, хиймэл амьсгал хийсэн цагаан халадтай оюутнууд нааш цааш холхих дүр зураг угтлаа. Мэдээж оюутнууд хиймэл хүн, дадлагын хүүхэлдэй зэрэг дээр л ажиллаж байгаа юм л даа. Бодитоор манекантай харьцаж байгаа оюутан байхад хиймэл оюун ухаанд суурилсан цахим эмнэлгийн орчинд өвчтөнтэй харилцаж буй оюутнууд ч байна. Энэ бол Анагаах ухааны сургуулийнхны инновацын өдөрлөгтөө оролцож буй үйл явц юм. Нэгэн оюутан залуу дурангийн хагалгаа хийж байна. “Гараа зүгшрүүлэхийн тулд хийж байна аа” гэлээ. Хаалтны цаана оюутнууд бужигнаад байхаар нь сонирхоод хартал нэг оюутныг орон дээр хэвтүүлчихсэн үзлэг хийж байгаатай нь таарлаа. Нөгөө талд оюутан, зочид Сэтгэлзүйн төвөөр үйлчлүүлж байна аа. 8000 гаруй оюутан суралцдаг “Этүгэн” их сургууль оюутнуудынхаа суралцах нөхцөлийг бүхий л талаар нь дэмжиж, тусалдгийн бас нэг том жишээ нь энэ төсөл. Бүр инновацын хэмжээнд энэ төвийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үнэхээр сайшаалтай төсөл болжээ.
Анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, эмч сэтгэл судлаач С.Пагмадулам, дэд профессор, сэтгэцийн эмч У.Цэрэндолгор, сэтгэцийн эмч, багш Н.Наранцэцэг, Хавдар судлалын эмч, сэтгэл судлаач П.Батчулуун нараас Сэтгэлзүйн төвийнх нь талаар тодрууллаа.
Анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, эмч сэтгэл судлаач С.Пагмадулам “Анагаахын оюутан залуучуудын оюун ухааны төсөл хэрэгжүүлж байгаа. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж, энэ жил тайлангаа бичиж байна. Манай төслийн хүрээнд магистр, докторын ажил бичигдэж байна. Анх тодорхойлсон үр дүндээ 100 хувь хүрээд байгаа. Төслийн хүрээнд асуудлыг шийдэх Сэтгэл зүйн төвөө шинээр үүсгэсэн. Энэ төв дээр дөрвөн эмч, багш ажиллаж байгаагийн хоёр нь сэтгэлзүйн эмч, хоёр нь сэтгэцийн эмч. Анх судалгаанд оролцож байгаа оюутнуудад сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд илэрч байсан. Энэ жилээс Оюутны удирдлага, мэдээллийн системээрээ вэбээр дамжуулж өөрийгөө оношлоод сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, тусламж шаардлагатай гэж дүгнэвэл сэтгэлзүйчтэй, өөрийнхөө асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж үзвэл сэтгэцийн эмчтэй холбогдож байгаа. Сэтгэцийн эмч маань эм бичих эрхтэй. Бид ингэж бүлгээрээ зохион байгуулалттай ажиллаж байгаа гэж хэлж болно” гэлээ. Энэ хичээлийн жил эхэлснээс хойш 80-аад оюутан хандаж ганцаарчилсан зөвлөгөө аваад байгаа юм байна. Тэгэхдээ аавтайгаа, ээжтэйгээ хүртэл ирж зөвлөгөө авдаг гэнэ. Сэтгэцийн хоёр эмч байнгын очер дараалалтай байдгаас үзвэл уг төсөл ямар хэрэгтэй, цаг үеэ олсон ажил вэ гэдэг нь харагдана.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Анагаах ухааны тэнхим хичээлийн 1-р байрны 209-д танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Сэтгэл судлаач, багш П.Батчулуун “Манай төсөл эхэлсэн хамгийн гол үндэслэл юу байв гэхээр Монгол Улсын хэмжээнд оюуны түвшинг хамгийн ихээр голчилдог байсан бол дэлхийн чиг хандлага нь сэтгэлийн хөдөлгөөн, оюун ухаанаа удирдах чадвар нь одоогийн залуучуудад маш их хэрэгтэй болоод байгаа. Энэ төсөл одоогоор “Этүгэн” их сургууль дээр хэрэгжиж байгаа боловч цаашдаа улсын хэмжээнд хийгдэх шаардлагатай судалгаа гэж үзэж болно. Орчин үеийн оюутнуудын сэтгэлийн хөдөлгөөн ямар байна вэ, энэ хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж чадахгүй байгаагаас болоод ямар саад бэрхшээлтэй тулгарч байна вэ гэдэг рүү нь хандсанаараа энэ төсөл хамгийн өндөр ач холбогдолтой юм. Манайх 3000 гаруй оюутныг судалгаанд хамруулахад хоёрдугаар дамжааны оюутнууд дээр асуудал их байсан. Нэгдүгээр курст ерөнхийдөө бужигнаан дунд явсаар байгаад өнгөрчихдөг. Хоёрдугаар курст ороод л хичээлээ яаж хийх вэ, цаашид хэн болох билээ гэдгээ боддог нь ажиглагдсан. Хоёрдугаар курсийн оюутнуудад сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд их байсан учраас манай төв дээр бүлгийн засал хийгдэж эхэлсэн. Бүлгийн заслын дараа тэдгээр хүүхдүүдийн хичээлдээ хандах хандлага сайжирч, сургуулиасаа чөлөө авах зэрэг нь багассан. Энэ бол маш ололттой тал. Өнөөдөр та хэн ч бай сэтгэлзүйн асуудал яригдаж байгаа бол дараагийн асуудлыг ярих боломжгүй. Хүн л байгаа газарт сэтгэлзүйн асуудал байгаа. Ялангуяа одоогийн Z үеийнхэн сэтгэлзүйн маш олон асуудалтай байдаг. Тэр бүхнийгээ гэр бүл, ээж аавдаа яриад, шийвэрлэж, асуух нь бага. Асуусан тохиолдолд найз нөхдөөсөө эсвэл интернэт орчноос асуудаг. Тийм учраас энэ байдалд нь анхаарал хандуулаад веб сайтаараа дамжуулаад оюутан өөрийнхөө асуудлыг шийдэх гэж оролдоно. Эхний сорил өгөгдөөд ямар нэгэн сэтгэлзүйн асуудал гарвал зөвлөгөө өгнө. Зөвлөгөөний дагуу оюутан маань асуудлаа шийдвэрлээд явна. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй бол Сэтгэл зүйн төвд хандсанаар хоёр сэтгэл судлаач маань тухайн оюутан дээр ажиллаад сэтгэлзүйн асуудлаа шийдэж чадахгүй, тэр нь сэтгэцийн эмгэг хүртлээ гүнзгийрсэн байвал хүлээж аваад үйлчилнэ гэсэн үг. Энэ үйл ажиллагаа маань судалгаагаар эхэлсэн, одоо Сэтгэл зүйн төв болж өргөжиж байна. Цаашлаад Монгол Улсын хэмжээнд хүртэл хийгдэх ёстой асуудлыг хөндөж гаргаж ирснээрээ манай төсөл онцлог давуу талтай” хэмээн ярьж байсан юм.
Н.Наранцэцэг эмч энэ үеэр оюутан, зочдод зөвлөгөө оношилгоо хийхэд ашигладаг картын тусламжтайгаар зөвлөгөө өгч байлаа. Энэ карт зүйрлэлт нийлэмжийн карт гээд сэтгэлзүйн зөвлөгөө оношилгоонд хэрэглэдэг. Олон төрлийн байдаг. Мөн Альфа систем гээд эмгүйгээр эмчилдэг америкийн аппаратын талаар танилцуулж байв. Энэ аппарат нь нойргүй хямарсан, сэтгэл түгшсэн үед хүний бета долгионыг альфа болгоод хэвийн долгион болгож үйлчилдэг. Олон жил амьтан болон хүн дээр 300-гаад удаа туршигдсан, ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй, зүрхний стенттэй биедээ төмөр суулгацтай үед харшлах заалттай байдаг. Нойргүйдлийг эмчилснээр сэтгэл гутарлыг хэвийн байдалд оруулдаг. Энэ үеэр ирсэн зочид ихэд талархаж “Этүгэн”-ий оюутнууд ямар азтай юм бэ, сургууль дотроо Сэтгэл зүйн төвтэй. Ийм төвтэй сургууль байтугай байгууллага байдгийг анх удаа нүдээрээ үзлээ” хэмээн гайхаж буйгаа илэрхийлж байлаа.
AI-ГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ТУНГАЛГИЙН БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛИЙН ТООЦОО СУДАЛГАА ГАРГАЖЭЭ
Нүүр ам судлалын сургуулийн багш Д.Уранчимэг: Манай сургууль 2011 онд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын багш нартай хамтран Улаанбаатар хотын 5, 12, 18 настай хүүхэд залуучуудын амны хөндийн өвчлөлийн байдал гэсэн төсөлт судалгааны ажлыг явуулсан юм аа. Үүнээс хойш судалгааны энэ ажлаа “Этүгэн” их сургууль дээр үргэлжлүүлж, сургуулийнхаа багш нартай хамтран 2021-2023 оны хооронд “Улаанбаатар хотын 5, 12 настай хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийн байдал” хоёр дахь төсөлт ажлаа эхлүүлсэн. Төслийн зорилго бол нийслэлийн 9 дүүргийн 2064 хүүхдэд гурван мэргэжлээр шүд цоорох өвчин, эрүү нүүр орчмын эмгэгүүдийг илрүүлж, мөн гажиг согогуудыг илрүүлсэн юм. Цаашид бид хөдөө орон нутагт эдгээр насны хүүхдүүдийн өвчлөлүүдийг илрүүлж, улсын хэмжээний судалгаа гаргах зорилготой байгаа. Энд нэг чухал зүйлийг дурдахад энэ төслийн хүрээнд 12 настай хүүхдүүдийн тунгалгийн булчирхайн үрэвслийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар судалсан. Ингэхэд агаарын бохирдол, байгалийн бохирдол, нийгэм, эдийн засгийн таагүй харилцаанд байнга өртөж байгаа нь энэ төрлийн үрэвсэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг хиймэл оюун ухаан тооцоолж үр дүнг нь гаргасан” гэлээ.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ VR-ТӨСӨЛ, ЯПОН-ИМПЛАНТ ТЕХНОЛОГИ, АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛИЙН СУДАЛГААНЫ АЖЛААРАА ОРОЛЦЛОО.
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Monday, December 2, 2024
ЭТҮГЭН ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ VR-ТӨСӨЛ, ЯПОН-ИМПЛАНТ ТЕХНОЛОГИ, АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛИЙН СУДАЛГААНЫ АЖЛААРАА ОРОЛЦЛОО
Нүүр ам судлалын сургууль дээр түшиглээд Японы Mytis Arrow Implant system-ийн хоёр бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулах зорилготой “BrainBase corporation” компанийн гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэтулгатай энэ үеэр уулзлаа. “Энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд 20 гаруй эмнэлэгтэй гэрээ хийж, жил хагасын хугацаанд 260 орчим хүнд уг имплантыг суулгаад байна. Имплантын гол түүхий эд нь титан. Био зохицолтой материал гэж нэрлэгддэг. Цэвэршилтийн зэргээсээ хамаараад титан нь дотроо олон янз. Хамгийн аюулгүй буюу титаны агууламж хамгийн өндөр хувь буюу 99.5 хувь нь цэвэр титан гэдгээрээ онцлогтой. Ийм титан нь хүний биед харшил өгөх магадлал хамгийн бага, ясны бороолох хугацаа нь хурдан. Хоёрдугаарт, имплантын гадаргуугийн боловсруулалт нь сайн байх тусмаа ясны бороолох үйл явцыг дэмждэг. Манай имплантын боловсруулалт яаж хийгддэг вэ гэхээр яс төлжүүлэх материалтай учраас ястай хамгийн богино хугацаанд хүчтэй, урд хугацааны холболтыг үүсгэдэг. Ийм давуу талтай имплант байгаа юм” хэмээлээ.
ШИНЭ ИННОВАЦИ-СУВИЛАХУЙН AI ПРОГРАММ
Дараа нь бид Сувилахуйн сургуулийн инновацуудтай танилцлаа. Мөн л дэлхийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд эхэлжээ. Ер нь энэ хүртэл нэгжүүдтэй танилцаж явахад “Этүгэн” их сургуулийн салбар сургууль, тэнхимүүд бүгд шахуу хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем, цахим бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа, сургалт, дадлагадаа ашиглаж байгаа нь гайхалтай санагдлаа. Нэг их сургуулийн хэмжээнд ийм инновацлаг, шинэлэг байгаа нь Монголын ирээдүй гэрэлтэй байгаа юм байна даа гэсэн өөдрөг бодол төрснөө нуух юун.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Сувилахуйн сургууль хичээлийн 1-р байрны 301 ангид танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг нэгэн шинэ программыг танилцууллаа. Тэрээр “Сувилахуйн оюутнуудад зориулсан БНСУ-тай хамтарч хийж байгаа “Сувилахуйн программаа танилцуулъя. Энэ программ нь ажлын байран дээр гараад өвчтөний түүх хөтлөлттэй холбоотойгоор оюутнуудыг дадлагажуулах, кэйс дээр ажиллаад ур чадварынхаа төв дээр гардан үйлдлээ хийхэд бэлтгэгдэх юм. Энэ нь ажлын байран дээр гарахад туршлагаа улам хуримтлуулж өөрийн болгох процессыг онол, гардан, эмнэлгийн орчин гэсэн байдлаар хэрэгжүүлэхэд хэрэгтэй ийм программ юм. Оюутан болон багш нэгэн зэрэг программ руугаа нэвтэрч үзээд орох боломжтой. Энэ программ маань хиймэл оюун ухаан дээр суурилж байгаа учраас мэдээллийг шууд хөрвүүлээд гаргаад ирдэг. Тохиолдол дээрээ бид сувилахуйн таван шатлалаараа ажиллаж байхад багш вэбээр давхар харж хянаж, шаардлагатай зүйлийг хариу дамжуулдаг. Багш, шавь хоёр харилцан программаа ашиглах боломжтой” хэмээгээд уг программ дээр хэрхэн ажиллаж буйг оюутнууд сонирхуулж байлаа. Энэ программыг хоёроос дээш курсийнхэн ашиглах боломжтой ажээ. Программ дээрээ хангалттай дадлагажсан оюутнууд ажлын байран дээр гарахад сувилахуйн түүх хөтлөлтийг төвөггүй хийх боломжтой болж байгаа учир тус программ Сувилахуйн сургуулийн инновац болж “Этүгэн инноваци 2024”-д ийнхүү онцлогдож байлаа.
ЦАХИЛГААН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ БАЙШИН
Сургууль, тэнхим, нэгж бүрийн инновац, шинэ шинэлэг ажил, санал, шийдэлтэй танилцаж явахад хоёр өдөр богинодохоор байлаа. “Этүгэн” инновац өдрүүдтэй нэг бүрчлэн танилцахад долоо хоног ч багадахаар тийм их шинэ ажил, санаа, инновац танхим, сургууль бүр дээр байсныг энд дурдъя. Хоёр жил тутам зохиогддог учир сургууль бүрийн бэлтгэж дэлгэсэн зүйлс, үзэсгэлэн, үзүүлэнгээс нь харагдаж байлаа. Уламжлалт анагаах ухааны тэнхим, Инженер, технологийн сургуулиар тус тус зочилж инновацуудыг харлаа. Инженер, технологийн сургуулийн захирал Л.Нямхүү, багш Б.Мөнхтуяа нар энэ удаагийн “Этүгэн” инновац өдөрлөгт сургуулийнхаа онцлог таван төсөл, инновацыг танилцуулсан бол Цахилгаан инженер, хангамжийн ангийн оюутнууд төсөв багатай, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэйгээр зохион байгуулагдсан байшингаа танилцуулж байлаа. Бага оврын хүчдэл гаргагчийг хашаандаа байршуулснаар хоногийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой бөгөөд эхний загвараа бэлэн болгочихоод байгаа юм байна. Багш Б.Мөнхтуяа “Эрчим хүчний судалгааны кабинет байгуулах төсөл”-өө товч танилцуулсан юм. Энэхүү төслийн хүрээнд Германаас худалдаж авсан программууд дээр тус сургуулийн оюутнууд өөрсдөө судалгаа боловсруулж, ажиллах боломжийг олгожээ. Тухайн кабинетад суурилагдсан компьютер нь өндөр хүчин чадалтай учраас маш том системийг загварчлах боломжтой аж. Ингэснээр оюутнууд цаашлаад эрчим хүчний системийн аваарын горимын асуудлуудыг шийдэх боломжуудыг олгож байгаагаараа онцлогтой. Энэ кабинетад оюутнууд зөвхөн тооцоолол, судалгаа хийхээс гадна өөр өөрсдийн гэсэн бүтээлийг боловсруулах, боловсруулсан загвараа 3D-гээр хэвлэх, түүнийгээ гар бүтээл болгох зориулалтаар принтерийг ч бас суурилуулжээ. Оюутнууд ойр зуурын хэрэглээний эд зүйлсээ уг принтерээр хэвлэж, хэрэглээндээ нэвтрүүлж байгаагаа хүрэлцэн ирсэн зочдод харуулж байв.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ УХААЛАГ АМИНЫ ОРОН СУУЦНЫ СУРГАЛТЫН СТЕНД БОЛОВСРУУЛАХ ТӨСЛӨӨР ОРОЛЦЛОО.
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Sunday, December 1, 2024
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ УХААЛАГ АМИНЫ ОРОН СУУЦНЫ СУРГАЛТЫН СТЕНД БОЛОВСРУУЛАХ ТӨСЛӨӨР ОРОЛЦЛОО.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ НАРНЫ ГЭРЛИЙН ТӨХӨӨРӨМЖ БОЛОН ЗУРААС ДАГАГЧ РОБОТЫН ЗАГВАРААР ОРОЛЦЛОО. 2024.11.27-28
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Tuesday, December 10, 2024
“ЭТҮГЭН” НОМЫН САН ЦАХИМ НОМЫН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ОНЦЛОВ
Үүний дараа бид Номын сангаар орлоо. Тус Номын сангийн эрхлэгч Г.Болор “Манай номын сан хоёр салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Уншигчдадаа танхимаар, гэрээр, цахимаар ном уншуулж үйлчилдэг. Өнөө жилийн инновацын өдрүүдээр бид цахим номын үйлчилгээгээ онцолж байна. Цахимаар номоо уншихаас гадна цахим санг бид ашиглаж байна. Манай уншигчид уг санд 354 мэргэжлээр 1-1406 хүсэлт илгээсэн байна. Хамгийн их хүсэлт илгээсэн нь Нүүр ам судлалын мэргэжил дээр байна. 263 удаа бүтэн текстээр нь өгүүлэл үзэх, 58 удаа эшлэл авах, 1085 удаа хураангуйгаар илтгэлүүдийг үзсэн байна” хэмээн шинэ программынхаа тухай товч танилцууллаа.
“ЭТҮГЭН” СОЁЛ
“Этүгэн инновац 2024” өдөрлөгийг хоёр өдөр сурвалжилж, энэ сургуулиар анх удаа ийн “аялж” явахдаа сургуулийн удирдлагууд нь оюутан залуусынхаа хувь хүний хөгжилд ямар их анхаарч, ойлгож, дэмжиж бүхнээ, хайраа зориулдгийг мэдэрч байхад таатай байлаа. Магадгүй энэ их сургуулийн загварыг жишиг болгоод бусад их, дээд сургуулиуд оюутнуудынхаа тааламжтай, эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох нийгэмших нөхцөлийг нь бүрдүүлээсэй гэж бодогдсон шүү. Сургуулийн босгыг алхаж ороод гарч явах хүртэл биенээ хүндэлж, өдөр тутамдаа хэрэгжүүлдэг 10 тогтсон соёлтой байх юм. Угтаж мэндлээд, үдэж талархдаг, цагийг ягштал баримталдаг, ажил хэрэгч, боловсон хувцаслацгаадаг юм байна. Хайш яйш хувцасласан оюутан нэг ч тааралдаагүй нь үүнийг нотолж байлаа. Туршлагаа хуваалцаж багаараа яаж хамтардгийг “Этүгэн”-чүүд ёстой нэг үзүүлдэг юм байна лээ. Үүний нэг хамгийн том жишээ бол “Этүгэн ирвэсүүд” сагсан бөмбөгийн баг гэдгийг бусад их, дээд сургуулийнхан андахгүй дээ. За тэгээд, тууштай суралцах, эргэцүүлэн судалж нягталдаг байх, эмх цэгц, эх хэл-эрдмийн түлхүүр, англи хэл-давуу тал, хэмнэлт, гамналт. Энэ бүхэн бол “Этүгэн”-чүүдийн өдөр тутамдаа хэрэгжүүлдэг соёл нь.
ТӨСЛИЙН БАГ БА ИННОВАЦ
“Этүгэн” их сургуульд Төслийн баг байдаг юм байна. Уг баг нь сургалт, эрдэм шинжилгээ, хүний хөгжил, орчин нөхцөлийг хангах төсөл хөтөлбөрийг боловсруулаад түүний дагуу бүх үйл явцаа удирддаг баг ажээ. Бүтээн байгуулалт, барилга засвар хийдэг хүмүүс биш, сургалт судалгаа яаж явах ёстой вэ гэдгийг бодитой бүтээж яваа бүтээлч хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болох юм билээ. Одоогоор уг багийн хэрэгжүүлж буй төслүүд гэвэл, зэрэгцэж яваагаас нь дурдвал “Student Hub”, Төв усан бассейн, “Этүгэн” ЕБС, VI байрны бүтээн байгуулалт зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Судалгааны орчин бүрдүүлэхэд юу юу шаардлагатай талаар бүх судалгаагаа хийсний дагуу дизайнаа гаргаад, концепцио тодорхой болгосны дараа бүтээн байгуулалтын ажил явагддаг аж. Орчин нь багш, суралцагч, хөгжиж буй хүмүүсийнхээ хэрэгцээнд нийцэж, тохирдгоороо төслийн баг гэж нэрлэжээ.
Этүгэн-Инновацын өдрүүдэд "Төслийн баг" Student HUB-д танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Tuesday, November 26, 2024
Төслийн баг нь дотроо Нийтлэг үйлчилгээ, Барилга захиалагч, Барилга засвар, Санхүүгийн албатай бөгөөд бүх тэнхим, нэгжүүдтэйгээ хамтран ажилладаг зарчимтай. Энэ бүтэц өөр их, дээд сургуулиудад байдаггүй бөгөөд бас нэг инновац гэж хэлж болохоор юм. Хичээлийн байруудын засвар, үйлчилгээний ажил тасралтгүй циклиэр явдаг учраас жишээ нь сургуулийн нэг эд хогшил эвдэрлээ гэхэд дор нь засаж сэлбээд янзалчихдаг учир нөгөө талаараа хөрөнгийн ашиглалт сайжирч, хөрөнгө оруулалт оновчтой болсноор эцсийн дүндээ хүндээ ээлтэй орчин бүрдэж байгаа гэж ойлгож болох юм.
ИННОВАЦ, ОЮУТАН ЗАЛУУСЫН ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨР ДҮҮРЭН STUDENT HUB
Ямар азтай хүүхдүүд “Этүгэн”-д элсдэг байна аа хэмээн дуу алдах олон шинэ сайхан зүйл үзсэний нэг нь “Student Hub” байлаа. Саруулхан том танхим, тааламжтай гэрэлтүүлгүүд, уламжлалт уйтгартай тавилга ширээ нэг ч байсангүй. Энд хэдэн оюутнууд усан будгаар зураг зурж байхад, тэнд оюутны дэлгүүрийн хажууд хэдэн оюутан бизнесийн санаагаа ярьцгаана, цаана нь хэдэн оюутан тойрч суугаад юм нэхэж, нааж, хатгамал хатгаж ч байх шиг, түүнчлэн гитарын аялгуунд оюутан залуус хөгжилдөж буй дүр зураг, шатаар дээш өгсвөл нам гүмхэн орчинд нэгэн оюутан бясалган сууж байх юм. Энэ бол “Этүгэн” их сургуулийн “Student hub”. Оюутан нас, нөхөрлөл, чөлөөт цаг, хобби, эрх чөлөө... гээд хамгийн гоё үгс эндээс л урсан гарахаар ажээ. Үүнийг уншигч та бээр хэрвээ энэ сургуулийн оюутан биш, энэхүү сурвалжилгыг санамсаргүйгээр уншиж байгаа бол зав гаргаад “Student HUB”-аар ороод гараарай. Танд ч бас оюутан нас, залуусын хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн эрч хүч, хүсэл зориг мэдрэгдэх бизээ.
“Student Hub” төслийн Удирдагч С.Очир-Эрдэнэ “Манай сургуулийн үндсэн гурван концепц байдаг. Оюутнуудын багш бол хичээл заадаг багш нь. Сургуулийн орчин бол оюутнуудад нэг төрлийн багш байдаг. Орчноороо дамжуулж оюутнууддаа багшилж байна гэсэн үг. Бид энэ чиглэл рүү нь ажиллаж оюутны чөлөөт цагаа өнгөрөөх газар буюу “Student Hub”-ын бүтээн байгуулалтыг хийгээд ашиглалтад оруулж байна. Манай байгууламжийн нийт талбай 600 м/кв. Оюутны клубүүд, оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг маш сайн төлөвлөж өгсөн. Өөр өөр ангийн оюутнууд хоорондоо нэгдээд клубийн зарчмаар хамтарч болдог, “Этүгэн” сургуулийн оюутнууд гэлтгүй бусад сургуулийн оюутнууд хүрэлцэн ирж шинэ санал санаачилгаа дэвшүүлж, танилцуулдаг, санал бодлоо уралдуулдаг ийм газар болгох зорилготой. Орчин үеийн их сургуулийн орчин ямар байх ёстойг энэ төсөлд шингээж өгсөн. Шинэ технологи, шинэ инновацуудыг нэвтрүүлж өгснөөрөө давуу талтай. Манай барилгын хийцлэл ч шинэлэг. Байгалийн гэрэлтүүлэгтэй. Барилгын төлөвлөлтийн хувьд барилгын бүх стандартыг хангасан. Тэргэнцэртэй хүмүүс орж гарахад зориулагдсан зам, талбайтай, ногоон байгууламжтай” хэмээн ярьсан юм.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД ТӨСЛИЙН БАГ STUDENT HUB БОЛОН АМЖИЛТ ФИТНЕСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААРАА ОРОЛЦЛОО. ✨💚
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Friday, November 29, 2024
“Төв бассейн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Хишигбаяр “2013 онд “Амжилт” фитнессийг нээсэн. Оюутнууддаа зориулсан томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болсон. Эрүүл чийрэг биетэй байж, сурч боловсроход нь таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд хийсэн ажил. Одоо гурав дахь салбараа Төв бассейн дээр нээж байгаа. Спорт заал маань 2012 онд нээгдэж байсан. Манай сургууль спорт заал, төв бассейн, фитнесс клубийн цогц үйл ажиллагаатай. Энэхүү цогц үйлчилгээ нь оюутнуудыг эрүүл таатай орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгодог. Нэгдүгээр курсээсээ усанд сэлж сурснаар бие бялдрын хувьд өв тэгш, спортын тэмцээнд оролцвол хүч самбаагаа үзчих тийм иргэн бэлтгэхэд зориулагдсан цогц хөтөлбөртэй. Манай бассейны ус цэвэршүүлэх технологи нь өөрөө олон улсын стандартад нийцсэн инновацлаг гэдгээрээ онцлогтой. 99.98 хувийн ус цэвэршүүлдэг системийг ашиглаж байгаа” хэмээлээ.
Этүгэн Инновацын өдрүүдэд Science Café Ulaanbaatar Student HUB-д танилцуулгаа хийж байв.
Оюутан хөгжлийн албаны мэргэжилтэн А.Мянганаас “Student Hub”-ийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-“Student Hub”-д одоогоор оюутны хэчнээн клуб байгуулагдаад, нэгдээд байна вэ?
-Оюутан хөгжлийн албанд харьяалалтай клубүүд гэвэл 90 клуб байна. Оюутны нэг холбоотой. Гишүүдийн тоо 1000 гаран гэсэн үг. Оюутан насны амьдралыг дурсамжтай өнгөрүүлэх, олон найз нөхөдтэй болж, хөгжин дэвшихэд нь клуб тэдэнд боломж олгодог. Клубүүд маань санаачилгатай хамтран ажилладаг, бидний зүгээс дэмжлэг үзүүлж ажилладаг.
-“Student Hub”-аар явж үзлээ. Хатгамлын клуб байна, гитар тоглож байна, мэргэжлийн чиглэлийн клубийнхэн ч байна. Олон клуб байдаг гэж сонслоо?
-Зөндөө олон клуб байдаг. Гар урлалын чиглэлээр саналаа өгчихсөн клуб байгаа. Зурагны араас гэрэл асаадаг. Зургаа өөрсдөө хийдэг юм билээ. Тийм клубээ байгуулъя гээд өөрсдөө саналаа өгчихсөн байгаа. Клуб байгуулахад амархан, манай алба цаашаа үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болж явдаг.
ИНОВАЦИ-УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ ELMS
“Этүгэн” их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг Удирдлага мэдээллийн системийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Бүх бичиг цаасны ажлыг энэ системд нэгтгэснээр эдийн засгийн хувьд асар их хэмнэлт хийж байгаагаас гадна багш, оюутан, ажилтнуудын цагийг хэмнэсэн ухаалаг зохицуулалт болж байгаа учир онцлох инновацын бүтээгдэхүүн гэж нэрлэж болох аж. Тэрээр “Манай сургууль 2002 онд байгуулагдаж, 22 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Сургуульд нийт 32 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнээс Бакалавр 22, дэд Бакалавр 2, Магистр, Докторын 8 хөтөлбөр тус тус хэрэгжиж байна. Эдгээрээс Үндэсний хэмжээнд 9 хөтөлбөр, олон улсад 7 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна.
ЭТҮГЭН-ИННОВАЦЫН ӨДРҮҮДЭД СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА УДИРДЛАГА МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОН ЦААСГҮЙ ТЕХНОЛОГИ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ОРОЛЦЛОО. ✨💚
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Friday, November 29, 2024
Бид 2019 оноос хойш Удирдлага мэдээллийн системийг сургалтын хөтөлбөртэйгээ хамт хөгжүүлэн хэрэглэж байгаа. Энэхүү системийг оюуны өмчөөр баталгаажуулж, “Этүгэн” их сургууль маань 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сургалтын хөтөлбөртэйгээ хамт хөгжүүлж байгаа. Удирдлага мэдээллийн систем маань 162 цэстэй. Суралцагч, багш, санхүү, сургалтын алба маань системийг хэрэглэж байгаа. Тус программ нь хэрэглэгч дээрээ үндэслэн хөгжиж байгаа. 2024-2025 оны хичээлийн жилд “Этүгэн” их сургуульд 8199 оюутан суралцаж байна. Суралцагчдынхаа орчныг бүрдүүлэхийн тулд бид системийг тасралтгүй, сайжруулсаар байгаа. Удирдлага мэдээллийн системд багшийн заавар зөвлөмж 186, оюутны заавар зөвлөмж 136 байршсан. Заавар зөвлөмжийг системд байршуулснаар мэдээллийг цогц байдлаар бүрдүүлэн тасралтгүй хүлээн авах боломжийг багш, оюутан, ажилчдадаа олгож байгаа. Суралцагч суралцах орчин бүрдүүлэхийн тулд оюутан хичээлээ сонгодог, хуваариа хардаг, хичээлээ баталгаажуулдаг, сэтгэл ханамжийн судалгаа бөглөх, мөн голч дүнгээ харах, суралцсан хугацааны дүнг баталгаажуулах, хичээл орсон багшдаа сэтгэл ханамжийн судалгаа өгөх, хичээлийн даалгавар, файлыг багш руугаа илгээнэ. Оюутан өөрөө өөртөө үйлчлэх, ямар нэгэн хүнд сурталгүйгээр Удирдлага мэдээллийн системээс өөртэйгээ холбоотой мэдээллийг тус программын орчинд ажиллаж, хэрэгцээтэй зүйлээ эндээс хүлээж авах боломжоор нь хангаж өгсөн. Бүртгэл, тайлан, тооцоо, нэгтгэл, судалгаа, статистикийн мэдээллүүдийг энэ системээс авах боломжтой” хэмээн танилцууллаа.
ОЛОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРТЭЙ ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа “Манай сургууль хоёр тэнхимтэй. Боловсрол судлал, Эдийн засаг менежментийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 10 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Олон улсын магадлан итгэмжлэлээр 5 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн. Хоёр дахь удаагаа ахисан түвшинд магадлан итгэмжлүүлээд байна. Судалгааны боловсролын менежмент, цахим засаглал, нийтийн удирдлага гэсэн 3 чиглэлийг барьж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн гол инновац бол олон улсад дадлагажигч хөтөлбөрөөр бэлтгэдэг. Япон улсад сүүлийн 2 жилд нийтдээ 22 оюутан явсан. Нэмэлтээр энэ жил 13 оюутан явахаар бэлтгэлээ хангаад хэлээ сурч байна” гэж сургуулийнхаа талаар товч танилцуулав.
Этүгэн-Инновацын өдрүүдэд Боловсрол судлалын тэнхмийн өртөө хичээлийн 5-р байрны 1 давхарт танилцуулгаа хийж байна. 🤝💚🎊 Хүрэлцэн ирж сонирхоорой. ✨
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Wednesday, November 27, 2024
Тус тэнхимийн Ахлах багш Н.Дуламханд “Этүгэн их сургууль 2017 оноос эхлэн Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын үр дүнд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлээд 9 дэх жил рүүгээ орж байна. Манай сургуулийн хувьд бусад бага боловсролын багш бэлтгэдэг сургуулиудаас онцлог гэвэл үр дүнд суурилсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Урлагийн хичээлүүдийн гол үр дүн бол өөрийгөө удирдаж, жолоодож чаддаг сэтгэлзүйн өндөр чадамжтай, бүтээлч сэтгэлгээтэй, хүүхдийг хөгжүүлэх, уран бүтээлч багш болгох гэсэн үндсэн зорилго дээр бид төвлөрч ажилладаг. Энэ хүрээнд урлагийн үндсэн онолын ойлголтуудыг өгөөд ур чадвараар бүх онолоо баталгаажуулдаг. Бид өнөөдөр төдийгүй, өмнөх инновацын өдрүүдэд урлагийн хичээлүүдтэй холбогдолтой үзэсгэлэн, хичээлүүдийг тогтмол явуулж ирсэн. Дүрслэх урлагийн чиглэлээр манай оюутнууд 100 хувь хүүхдүүдээ хөгжүүлж байгаа гэж хэлж болно. Бага ангийн багш, цэцэрлэгийн багш дүрслэх урлагаар хүүхдүүдээ 100 хувь хөгжүүлж байна. Өнгөрсөн хичээлийн жилийн төгсөгчдийн судалгаанаас үзвэл 83 хувь нь хөгжмийн хичээлээр хүүхдүүдээ хөгжүүлж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарсан” хэмээлээ. Энэ үеэр Боловсрол судлалын тэнхимийн багш Ж.Буяндэлгэр гадаад оюутнууд богино хугацаанд монгол хэлийг хэрхэн сурч байгаа талаар сонирхуулсан нь инновацын өдрүүдийн бас нэгэн сонин хэсэг байлаа. Монгол хэлийг гадаад оюутнуудад заахдаа утга таниулж ойлгуулах, хэрхэн хурдан хэрэглээнд гаргах вэ гэдэг сургалт явуулж байгаа аж. Утга таниулж, эх дээр ажиллуулах зарчмаар ажилладаг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд жил хагасын хугацаанд гадаад оюутнууд монголоор хангалттай яриад сурчихсан юм байна. Хятад улсаас ирсэн хоёр оюутан бидэнд “Завгүй ээж тахиа” хэмээх эхийг дуржигнатал уншиж өгч, өөрсдийгөө танилцуулж монгол хэл хэрхэн сурснаа харуулсан юм.
Этүгэн их сургуулийн гадаад оюутнууд Монгол хэл сурч, ном уншиж эхэллээ. 🤝✨💚👏
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Thursday, November 28, 2024
Б.НАСАНБАЯР: “Этүгэн”-чүүд хамтдаа нийгмийн болоод салбарын тулгамдсан асуудлын шийдлийг олохоор хамтарч ажиллаж байна
Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор Б.Насанбаяр: “Өнөөдрийн инноваци-Маргаашийн хөгжил” сэдэвт “Этүгэн”-ий инновацын өдрүүд “Этүгэн” их сургууль, групп, алба, нэгжүүд өөрсдийн бүтээсэн сайн туршлагаа хуваалцах, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой. Нийт суралцагч, төгсөгчдийн төлөөлөл болох 8000 гаруй оролцогч, 200 гаруй багш ажилтнууд оролцож байна. “Этүгэн” их сургуультай 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллах гэрээ, санамж бичиг байгууллаа.
Энэ онцлогуудын хамгийн чухал суурь нь юу вэ гэхээр “Этүгэн” соёл байдаг. Энэ соёлын гол мөн чанар нь хүн чанартай, эрүүл саруул, зөв хамтын ажиллагаатай хүмүүс байх вэ гэдэг үндсэн концепцийн дүнд сургалт, эрдэм шинжилгээ, бүхий л үйл ажиллагаанууд төвлөрч зохион байгуулагддаг. Үүний дагуу хамгийн чухал нь сэтгэл, зүтгэл гаргаж байж ирээдүй чинь бүтээгдэнэ гэдэг концепциор явагддаг учраас бидний үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой явагддаг. Манай “Этүгэн”-ий инновацын үндсэн суурь нь “Этүгэн” соёл байдаг. Этүгэнчүүд хүн чанар, мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах гэсэн үзэл баримтлалд суурилан сургалт, эрдэм шинжилгээ, бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг нь бидний инновац юм.
“Этүгэн” их сургуулийн “Хөгжлийн стратеги 2030” 2021 онд батлагдсан. Энэ стратегийн дагуу хоёр жил тутам “Этүгэн” инновацын өдрийг зохион байгуулж байгаа. Гурав дахь удаагаа хийж байгаа инновацын өдрөөрөө сүүлийн хоёр жилд багш, судлаачид, ажилтнуудын хйисэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нээлттэй олон нийтэд хүргэж байна.
Дашрамд дурдахад, 800 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гарснаас 12-13 хувь нь олон улсад буюу импакт фактор өндөртэй сэтгүүлд хэвлүүлснээрээ манай багш, судлаачдын гол амжилт гэж хэлж болно. Одоо идэвхтэй хэрэгжиж буй 500 орчим сая төгрөгийн санхүүжилттэй 22 төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдийн хүрээнд багш нар, суралцагч, төгсөгчид олон улсын болоод үндэсний хэмжээний эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласнаар өөрсдийн бүтээл, өгүүлэл, патентыг авч хэрэгжүүлж байгаа нь энэ удаагийн инновацын өдрүүдийн онцлог гэж хэлж болно. “Этүгэн” их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацыг хөгжүүлж буй хамгийн гол зорилго бол бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт багшилж буй багш нар маань суралцагчидтайгаа нийгмийн болоод салбарын тулгамдсан асуудлын шийдлийг олохоор хамтарч ажиллаж байгаа явдал юм.
Өнөөдөр манай сургууль дээр 18 профессорын баг байгуулагдан ажиллаж байна. Эдгээр багууд өөр өөрсдийн салбар, чиглэлд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачид, суралцагчид хамтдаа судалгааны ажлуудыг хийдгээрээ давуу талтай. Энэ чиглэлд судалгааны ажлын үр дүнгээ зөвхөн өгүүлэл, нийтлэл болгохоос гадна хэрэглээн дээр, бодитоор, инновацын бүтээгдэхүүн болгож гаргах тал дээр илүү дорвитой анхаарч ажиллаж байна. Этүгэн их сургуулийн нийт багш, судлаачид 2022-2024 оны хичээлийн жилд нийт 825 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн. Үүнээс дотоодод 512 өгүүлэл, 173 илтгэл, ном гарын авлага, нэг сэдэвт бүтээл 50, Олон улсад 58 өгүүлэл, 32 илтгэл хэвлүүлсэн. Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 90 бүтээлээс Web of Science, Scopus-д бүртгэлтэй, IF-тай сэтгүүлд 10 илтгэл, өгүүлэл хэвлэгдсэн. 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар h-indexтэй Этүгэн их сургуулийн 22 багш ажиллаж байна. Манай сургууль дээр судалгааны профессорын 20 баг ажиллаж, 496 сая төгрөгийн санхүүжилттэй судалгааны 22 төсөл хэрэгжиж байна. 2023-2024 оны хичээлийн жилээс эхлээд эдгээр профессорын багуудын үйл ажиллагаа төлөвшин хөгжиж, 2024-2025 оны хичээлийн жилд илүү үр дүнтэй, чамбай болж үйл ажиллагаа нь өргөжиж байгааг энэ дашрамд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
2 ЖИЛ ТУТАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ЭТҮГЭН ИННОВАЦЫН ӨДРҮҮД 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО. 👏💚
Posted by Этүгэн-Оюутны хөгжлийн алба on Friday, November 29, 2024
Цаашид “Этүгэн” их сургуулийн хамгийн гол зорилт бол манай сургуулийг зорьж ирж байгаа хүмүүс өөрийн хүслээ, зорилгоо, насан туршийн амьдралынхаа чанарыг бий болгох ур чадварыг эзэмшээд нийгэмдээ бодитой хувь нэмэр оруулдаг, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг иргэн байгаасай гэж хүсэж байна.
Сэтгүүлч Д.Гансаруул