Этүгэн их сургуулийн “Хэл, соёлын өдөрлөг” 2025 оны 3 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Хэл, соёлын өдөрлөг”-ийн эхний өдөр Монгол, Хятад, Казак, Япон, Герман хэл, соёлын өртөөнүүдээр зочилж соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилж байв.
Тус өдөрлөгт “Дээлтэй загварын уралдаан”, “Монгол бүжгийн тэмцээн”, “Англи дууны тэмцээн”, “Монгол ардын дуу, уртын дууны тэмцээн”, “Казак үндэсний хувцас загварын уралдаан”, “Чөлөөт тайз” дуу, бүжиг, хувцас загварын уралдаан тэмцээнүүд боллоо.
Хэл, соёлын өдөрлөгт Нүүр ам судлалын 301 ангийн оюутан Ш.Цэрэндулам "Хотон ардын бүжиг", УАУ-ы 202 ангийн оюутан Д.Сумъяабазар, Эмзүйн сургуулийн 103 ангийн Г.Загиржүүсэн нар ая дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн Анагаахын сургуулийн 205 ангийн Т.Раяа домбор хөгжим тоглож сонирхууллаа.
Сувилахуйн 303 ангийн оюутан С.Пүрэвсүрэн “Өдөрлөгт монгол соёлын өртөөнд 4 бэрх хаяад тайлбараа уншуулах, морь уралдуулах, дуутай хуруудах зэрэг монгол ёс зан заншлаа танилцуулахын зэрэгцээ монгол цагаан идээ, айргаар зочдоо дайлж байгаа. Энэ удаагийн өдөрлөг нь олон орны соёлыг танилцуулж байгаагаараа онцлогтой болж байна” гэж ярилаа.
Эдийн засаг, менежментийн тэнхимийн Хоол үйлдвэрлэл технологийн оюутан, Ичирей япон хэлний клубийн дэд тэргүүн Г.Хулан “Клубийнхээ 5 гишүүний хамт Япон соёлын хүрээнд өдрийн турш ногоон цайгаараа Этүгэнчүүдээ дайлж япон цайны соёлыг түгээж, япон хэл дээрх зурагт ном, чихэр зэрэг соёлоос танилцуулж байна” гэв.
Этүгэн их сургуульд суралцдаг БНХАУ-ын оюутнууд өдөрлөгийн үеэр хятад хоол, цайны соёлоо сурталчилан танилцуулж байв.
Анагаахын II дамжааны оюутан Луо Жя Бао “Хоёр дахь жилдээ хэл, соёлын өдрүүдэд оролцож байна. Жил бүр зохиогддог соёлын өдрүүд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Өдөрлөгт Хятадын цайны соёл, 5 төрлийн хоол бэлтгэн оролцож байна. Цаашид өдөрлөгт үхрийн махтай хоол хийхийг илүү зорих болно. Учир нь монгол үхрийн мах илүү амттай байдаг” хэмээн ярьж байлаа.
Анагаахын 304 ангийн оюутан М.Айжан “Өдөрлөгт анх удаагаа оролцож байна. Казах соёл нь хээ угалз, шар шувууны өдөөрөө их онцлогтой. Шар шувууны өдийг муу юмнаас хамгаалдаг гэж үздэг учраас хүндэтгэлтэй ханддаг. Өдөрлөгт ширээний хоол хүнс дастархан, каз, казах үндэсний хээ хуартай гар урлал, хатгамалаараа үзэсгэлэн гарган оролцож байгаа. Өдөрлөг их гоё болж байна” гэж ярилаа.
Герман хэлний клубийн оюутан Ч.Энхтуул "Герман соёлыг түгээхээр энэ удаагийн өдөрлөгт оролцож байна. Герман эсрэг утгатай үг таах тоглоом бэлтгэн оролцож байна. Энэ удаагийн өдөрлөг зохион байгуулалт сайтай болж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Хэл, соёлын өдөрлөгийн хоёр дахь өдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр Казах үндэстний Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярыг Этүгэн их сургуулийн Казах оюутны холбооноос 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ үеэр домборын аялгуу эгшиглэж, оюутан залуус казах хувцсаараа гоёж, уламжлалт бүжгээ танилцууллаа. Мөн Наурызын баяраар жил бүр нэг соёлыг Этүгэнчүүддээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн баяраар шинэ бэрийг танилцуулах ёслол болох залуу хосын шинэ амьдралд ерөөл өргөх, гэр бүлийн нандин харилцааг сануулдаг казах үндэсний өв соёл, зан заншлаа танилцууллаа.
Түүнчлэн Наурызын баярын гол билэг тэмдэг болсон Наурыз көже хэмээх үндэсний хоолоор хүрэлцэн ирсэн зочдоо дайлж байв.
'
Ийнхүү Этүгэнчүүд “Хэл, соёлын өдөрлөг”-ийг Монгол, Казах, Япон, Хятад, Герман улсын хэл, соёл, уламжлалаас суралцсан халуун дулаан 2 өдөр хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.