БУРИАДЫН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлсэн проректор, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) В.В.Номогоева, Хууль зүй, эдийн засгийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Э.Л.Раднаева, Монголын талын хамтын ажиллагаа хариуцсан ректорын зөвлөх А.Б.Галданова нар  Этүгэн их сургуульд зочлов.

Зочдыг эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор Б.Насанбаяр, сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг нар хүлээн авч уулзлаа. Уулзалтад инженерийн сургуулийн захирал Л.Нямхүү, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа, Анагаахын тэнхимийн эрхлэгч С.Пагмадулам, Гадаад харилцааны менежер Л.Гүрбазар, мэргэжилтэн С.Баярцэцэг нар байлцлаа. 

Уулзалтаар хоёр их сургуулийн  хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай хэлэлцэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Монгол улсын Боловсролын яамны хамтарсан шийдвэрээр 2025 оны 7 дугаар сарын эхээр Буриадын Улаан-Үд хотноо  Буриадын их сургууль дээр зохион байгуулагдах Монгол-Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт зохион байгуулах асуудлыг танилцууллаа. 

 

            Талууд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож байр сууриа илэрхийлээд  нэн түрүүнд  хийх ажлын талаар зөвлөлдлөө. Тухайлбал, хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгааны  ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засгийн экспедиц болон бизнес групп байгуулах, эм зүйн салбар, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тогтов.

            Хоёр их сургуулийн мэргэжлийн тэнхим, судалгааны төвийн багш, мэргэжилтэн судлаачдын хооронд хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцох цахим уулзалт зохион байгуулахаар боллоо.