Этүгэн их сургуулийн багш, ажилчид, оюутнууд цус хандивлах аянд нэгдлээ

Этүгэн их сургуулийн багш, ажилчид, оюутнууд 2025 оны 9 дүгээр сарын 23–25-ны өдрүүдэд хичээлийн IV байранд зохион байгуулагдсан цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдлээ.

Энэхүү аян “1 хүний цус 3 хүний амийг авардаг” гэсэн уриан дор зохион байгуулагдсан бөгөөд ЭИС-ийн оюутнууд бусдын амь насыг аврах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

Цус хандивлах аяны үеэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Донор хариуцсан их эмч Р.Энхтуяа:

“Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь улсын болон хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангадаг. Сүүлийн үед өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт ихэсч байна. Өмнө нь өдөрт 100 нэгж цус цуглуулж хэрэглээгээ хангадаг байсан бол өнөөгийн нөхцөлд 200 нэгж цус шаардлагатай болсон. Цусаа хандивласнаар бусдад амьдрал бэлэглэхийн зэрэгцээ өөрийн эрүүл мэндээ хянах олон давуу талтай. Нэг хүний хандивласан цус 3 хүний амийг аварч, 3 төрлийн бүтээгдэхүүн болдог. ЭИС-ийн оюутнууд идэвхтэй оролцож олон хүнд амьдрал бэлэглэж байгаад баяртай байна” хэмээн онцлов.

ЭИС нь 2023 онд “Донор хамт олон” болсон бөгөөд жил бүрийн намар, хаврын улиралд цус хандивлах аянд тогтмол оролцдог  уламжлалтай.  Манай сургуулийн хамт олон цаашид ч хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, бусдад амьдрал бэлэглэх үйлсэд нэгэн сэтгэлээр нэгдсээр байх болно.