Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Ц.Наран-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Этүгэн их сургуульд зочилж, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад Этүгэн их сургуулийн зүгээс үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Академич С.Нямзагд, ректор Б.Батсэрээдэнэ, сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг, эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Насанбаяр, Сувилахуйн сургуулийн захирал Б.Оюунцэцэг, Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Б.Отгонзаяа, Орхон салбар сургуулийн захирал Д.Хүрэлбаатар нар оролцов.
Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Академич С.Нямзагд “Этүгэн их сургууль нь улсын төдийгүй хойд бүс нутгийн хөгжлийн төлөө бодит хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд цаашид хамтын ажиллагааны бүх чиглэлд дэмжин ажиллана” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэ уулзалтын хүрээнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, Этүгэн их сургуулийн ректор Б.Батсэрээдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, урт хугацааны түншлэлийн эхлэлийг тавилаа.

Энэхүү баримт бичиг нь 2025–2028 оны хугацаанд хойд бүсийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, сургалт, дадлага, туршлага солилцох, эрдэм шинжилгээ, инновац, төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Зочид төлөөлөгчид Этүгэн их сургуулийн хичээлийн байр, ур чадварын төв, лаборатори, Student HUB, Төв усан бассейн зэрэг орчин үеийн сургалтын дэд бүтэцтэй танилцаж, туршлага хуваалцав.


