Буриадын улсын их сургуулийн удирдлагууд Этүгэн их сургуульд зочиллоо.

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны хүрээнд Буриад улсын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль (БУИС)-ийн ректор А.В Дамдинов, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор В.В Номогоева, Монголын талын хамтын ажиллагаа хариуцсан ректорын зөвлөх, Монгол хэл, соёлын төвийн захирал Г. Ариунаа нар Этүгэн их сургуульд зочиллоо.

Зочин төлөөлөгчдийг манай сургууль монгол ёс заншлаар угтан авч хүндэтгэл үзүүлэв. Хоёр талын уулзалтад Этүгэн их сургуулийг үүсгэн байгуулагч, академич С.Нямзагд, Ректор Б.Батсэрээдэнэ, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн дэд захирал Н. Идэрсайхан, Сургалтын ажил эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг, ГХХ-ийн тэргүүлэх менежер Л.Гүрбазар, Анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Пагамдулам нар байлцав.

Уулзалтаар хамтын ажиллагааны чиглэлүүдийг хураангуй ярилцаад цаашид бүрэлдэхүүн сургууль, тэнхим, профессорын баг, БУИС-ийн профессорын клубүүд хамтын ажиллагаагаа эм зүй, орчин үеийн анагаах ухаан, эдийн засгийн чиглэлээр  хэлэлцэж ярилцах  нь зүйтэй гэж тохиров.

“Монгол бахархалын өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байгааг зочид төлөөлөгчдэд мэдээлэв. Зочид төлөөлөгчид Этүгэн их сургуулийн хичээлийн төв байр, ур чадварын төв, лаборатои, цахим эмнэлэг, Student HUB, төв усан бассейн зэрэг орчин үеийн сургалтын дэд бүтэцтэй танилцлаа.

Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн дэргэд нээгдсэн “Монгол хэл, соёлын төв”-д  Этүгэн их сургуулийн нэрийн өмнөөс Монгол үндэсний өв соёл болох монгол уран дарханы урласан бүтээл  “Уламжлалт монгол шатар”, дагалдуулан ээзгий, хазаарыг дурсгал болгон бэлэглэж ректор А.В Дамдиновт гардуулан өглөө.