“Өөрийгөө олж гэрэлтүүлсэн он жилүүд минь” уран бүтээлийн үзэсгэлэн боллоо

Боловсрол судлалын тэнхимийн багш, МУСТА, “Оюутан урлан” клубийн удирдагч багш Н.Дуламхандын “Өөрийгөө олж гэрэлтүүлсэн он жилүүд минь” уран бүтээлийн үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 22–28-ны өдрүүдэд Student HUB-д дэлгэгдлээ. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.

- Таны хэд дэх удаагийн уран бүтээлийн үзэсгэлэн бэ. Үзэсгэлэнгийн онцлог, хэзээнээс уран бүтээлээ эхлүүлсэн бэ?

– 2022 оноос хойш гурван жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдээрээ “Өөрийгөө олж гэрэлтүүлсэн он жилүүд минь” нэртэй гурав дахь үзэсгэлэнгээ Этүгэн их сургуулийнхаа оюутан, багш нартаа толилуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн зураг төдийгүй бүтээлч, креатив талдаа түлхүү анхаарсан төрөл бүрийн текстур, жижиг деталь хэрэгслүүд орсон бүтээлүүд давамгайлснаараа онцлогтой. Өмнөх үзэсгэлэнгүүдэд өөр өөр чиглэлээр зураг эсвэл урлангийн бүтээлүүдийг дэлгэж байсан. Сүүлийн үед мэргэжлийн зураачид дан ганц зураг бус, илүү гоёмсог шийдэлтэй деталь элементүүдийг нэмэлтээр оруулж бүтээх чиг хандлага давамгайлж байгаа бөгөөд миний бүтээлүүдийн ихэнх нь креатив чиглэлд хамаарна.

-  Та хэчнээн шавьтай вэ?

- Би 2013 оноос урлалын чиглэлийг сонирхож эхэлсэн. 2015 онд дүрслэх урлагийн урлалын чиглэлээр мастераа хамгаалж, 2017 онд Этүгэн их сургуулийн дэргэдэх “Оюутан урлан” клубийг анх байгуулсан. Клуб байгуулахаас өмнө миний сургалтад бүх насныхан хамрагдаж байсан. Одоогоор ЕБС-ийн сурагчид, ахмад настнууд, үе тэнгийнхэн гээд нийт 200 гаруй шавьтай болсон бөгөөд үүнээс 50–60 нь оюутан шавь байна.

- Уран бүтээлийн үзэсгэлэнгээ хэр хугацаанд гаргадаг вэ?

- Үзэсгэлэн гаргах тогтсон хугацаа байхгүй. Анхны үзэсгэлэнгээ 2015 онд уран барималч, зураач найзынхаа зөвлөснөөр санамсаргүй байдлаар гаргаж байсан. Хоёр дахийг нь магистрын зэргээ хамгаалах явцдаа төслөө боловсруулж, өмнө үзэсгэлэнгээс илүү гүнзгий шатны бүтээлүүд хийж Blue Moon Art Gallery-д гаргасан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн 22 бүтээлийг оюутнуудаа зааж сургах явцдаа гурван жилийн турш зурж, урлаж бүтээсэн.

- “Оюутан урлан” клубт гадаад оюутнууд сурдаг уу. Тэдэнд дүрслэх урлаг, урлалын  хичээл заахад хүндрэл бэрхшээл гардаг уу?

- “Оюутан урлан” клубт гадаад оюутнууд сурдаг. Тэдний давуу тал нь суурь сайтай учраас заахад маш хурдан ойлгож, хүлээж авдаг. Урлаг, спорт хоёр нэг л хэлээр ойлголцдог учраас дүрслэх урлаг, урлалын хичээлд хэлний бэрхшээл гардаггүй.

- “Оюутан урлан” клуб хэчнээн төсөл хэрэгжүүлээд байна вэ?

- 2018 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай төслийн уралдаанд оролцож шалгарсан гол үзүүлэлт нь “Оюутан урлан” клубийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлага байсан юм. Бидний хэрэгжүүлдэг төслүүд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн анхаарал, дэмжлэг хэрэгтэй хүүхэд, залуус руу чиглэсэн байдаг бөгөөд төслийн санхүүжилтээ клубийн гишүүд уран бүтээлийнхээ орлогоороо бүрэн хариуцаж хэрэгжүүлдэг онцлог давуу талтай. “Оюутан урлан” клубийнхэн олон нийтийн сүлжээгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээ төдийлөн мэдээлээд байдаггүй ч хийж бүтээсэн сайн үйлсээрээ бид бахархаж явдаг даа.

-  Таны цаашдын уран бүтээлийн замд амжилт хүсье.

- Баярлалаа.