Этүгэн их сургууль Анна сан-д хүндэтгэл үзүүллээ

Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр Этүгэн их сургууль эрхэм хүндтэй, сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу БНСУ-ын иргэн, тус сургуулийн Хүндэт доктор Хван Гён Сү-гийн үүсгэн байгуулсан “Анна” сан болон түүний ээжид хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг 2026 оны 2 дугаар сарын 16-нд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг “Мандухай сэцэн хатан” морин хуурын аялгуугаар  эхлүүлэв.  Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд  нь  “Анна” санд 2012 оноос хойш сургуулийн оюутан суралцагч, багш нарт тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, энэхүү хамтын ажиллагаа нь боловсролын чанар, хүний нөөцийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцоллоо. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Этүгэн их сургуулийн удирдлагууд, сангаас тэтгэлэг авсан багш, оюутан суралцагчид оролцож гүнээ талархан, хүндэтгэл илэрхийллээ.

Мөн 2016 оны Био-анагаах судлаач, микробиологич мэргэжлээр төгсөгч Б.Сурмаажав, 2010 оны төгсөгч, Сувилахуйн сургуулийн магистр, ахлах багш Г.Шүрэнмягмар нар тэтгэлэгт хамрагдаж байсан сэтгэгдлээсээ хуваалцаж, тухайн үед сургалтын төлбөр болон судалгааны ажлаа үргэлжлүүлэхэд уг дэмжлэг чухал ач холбогдолтой урам зориг, итгэл найдвар өгч байсныг дурдан, чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.

“Анна” сан нь 2012 оноос хойш нийт 9 удаагийн тэтгэлэг гардуулсан бөгөөд 53 оюутанд нийт 43,500 ам.долларын  сургалтын төлбөрийн тэтгэлэг, 28 багшид магистр, докторын судалгааны ажлын тэтгэлэг олгож, сургалтын чанар, эрдмийн чадавхыг дэмжин ажиллаж байна.

Тэтгэлэгт сурлагын голч дүн (GPA), урлаг, спорт, эрдэм шинжилгээ, судалгааны амжилт гаргасан, хөгжлийн бэрхшээлтэй, сургалтын төлбөрийн чадамжгүй өнчин суралцагчдыг онцгойлон хамруулж, боломж олгодог.