Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхим Буриадын их сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэв.

Этүгэн их сургууль болон Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургууль хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Уламжлалт анагаах ухааны тэнхимийн 3 багш, мэргэжлийн судлаач, II, IV дамжааны 6 оюутан хамрагдав.

Солилцооны хөтөлбөрт оролцогч багш, оюутнууд Буриадын улсын их сургууль, түүхийн музей, шинжлэх ухааны төв номын сан, түүний ховор нандин ном судар, Монгол хэл, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав. Мөн Анагаахын сургуульд зочилж бүтэц, үйл ажиллагаатай нь танилцаж, захирал Т.Е Спасова багш, оюутнуудыг хүлээн авч дугуй ширээний уулзалтаар хамтын ажиллагааны хэлэлцүүлэг хийж, анагаахын сургуулийн эм зүйн болон эмийн сангийн лаборатори, анатом болон физиологийн тэнхимийн үйл ажиллагаа, багш, оюутнуудтай танилцуулж, “Мэс заслын клуб”-ын оюутнуудад зориулсан мастер ангиа үзүүлсэн байна.

Хөтөлбөрийн багш, оюутнууд Буриад улсын шинжлэх ухааны төв, Дорно дахины гар бичмэл, ксилографийн төв, Дорнын анагаах ухааны төвд зочилж, тус төвийн ерөнхий эмч, БУИС-ийн Уламжлалт анагаах ухааны институтын захирал Е.А Бартанова хүлээн авч уулсаны гадна олон улсын эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, бариа засал, уламжлалт эмчилгээ, оношилгоо гэсэн 3 чиглэлээр  илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын төгсгөлд  Дорно дахины анаагаах ухааны  төвийн эмч, багш, нартай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, эмч-багш харилцан солилцох, уламжлалт анагаах ухааны чиглэлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум, жил бүрийн зуны сургалтад  оролцох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх,  амралт-рашаан сувиллын газарт амрах, ажиллаж болохоор тохирсон байна.

Хөтөлбөрийн багш, оюутнууд Дамба Даржа Заевын нэрэмжит   Буддын “Даши чойнхорлин” их сургуульд зочилж, тэднийг тус их сургуулийн ректор Дашибалданов Дымбрил Гуробазарович угтан хүлээн авч уулзаад сургуулийнхаа тухай, оюутнуудын сургалтын онцлогийг мэдээлж, хамба лам Итигеловын мөнхөрсөн бие, Иволгинскийн Дацан, сүм хийдүүд, музейг үзүүлж танилцуулсан байна.

Мөн Улаан-Үд хотоос 174 км-ийн зайд орших Байгаль нуурын эрэгт байрлалтай Горячинск тосгон дахь их сургуулийн амралт-рашаан сувилалын газар, Дорнын анагаахын төвийн эмнэлэгт зочилсон бөгөөд тус газрын ерөнхий эмч Андрей Семенович Михеев хүлээн авч уулзаад сувилалын газрынхаа үүсэл, хөгжил, эмнэлэг-сувиллын үйл ажиллагаагаа танилцуулав.

 

 Доржи Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургуулийн мэдээг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.