Этүгэн их сургууль ЦССҮТ болон Цусны донорын холбоотой хамтран “Цусны донор”-ын өдөрлөг зохион байгууллаа

Этүгэн их сургууль Цус сэлбэх үндэсний төв (ЦССҮТ) болон Цусны донорын холбоотой хамтран уламжлалт “Цусны донор”-ын өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт нийт 230 гаруй оюутан, багш, ажилтан цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэлээ.

Өдөрлөгт ЦССҮТ-ийн технологич эмч Б.Эрдэнэбатаар ахлуулсан 10 гаруй эмч, сувилагч нарын бүрэлдэхүүн болон Донорын холбооны гишүүн хүндэт донор Х.Өлзийдэлгэр, Ж.Бат-Өлзий нар хамтран ажиллаж, оюутнуудад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгөв.

Иргэн бүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цусаа хандивлаж, сайн үйлсийн аянд нэгдсэнээр цусны бүлгээ тодорхойлуулан, холбогдох шинжилгээнд хамрагдаж, өөрийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой юм. Донорын нэг удаа хандивласан 350 гр цус болон цусан бүтээгдэхүүн нь 3 хүний амь насыг авардаг ач холбогдолтой.

Энэ үеэр Донорын холбооны хүндэт донор Х.Өлзийдэлгэр: “Би 72 настай бөгөөд Донорын холбоонд 15 жил ажиллаж байна. Этүгэн их сургуулийн оюутан залуус энэхүү 3 өдрийн өдөрлөгт идэвхтэй оролцлоо. 18 нас хүрсэн, 45 кг-аас дээш жинтэй, эрүүл иргэн цусны донор болох боломжтой. Донор болохын тулд эхлээд сайн амарч, биеэ бэлтгэх шаардлагатай. Өдөрлөгийн үеэр хүндэт донорууд донор болохыг хүссэн залууст анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Хамтарч ажилласан Этүгэн их сургуулийн хамт олондоо баярлалаа. Эрүүл чийрэг оюутан залуусыг цусны донорт нэгдэхийг уриалж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Этүгэн их сургууль болон ЦССҮТ нь:

•Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд цусны донорын өдөрлөгийг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах;

•Цусны донорын эгнээг өргөжүүлэх, ухуулга сурталчилгааг олон талт хэлбэрээр явуулах;

•Доноруудыг алдаршуулах, урамшуулах;

•Анагаахын чиглэлийн оюутнуудыг ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцуулах;

•Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийж, нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэнд, бусдын амь насыг аврах сайн үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт оюутан, багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.