Хөгжлийн стратегийн 2.2.1.17-д “Номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэн гадаадын мэргэжлийн ном, сэтгүүл, сурах бичиг, шинжлэх ухааны нэр хүнд бүхий мэдээллийн сан, тогтмол хэвлэлээр фондыг баяжуулан, цахим номын санг бий болгон хөгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн түшиц газар байж, мэдлэг мэргэжлийн боловсролоо хөгжүүлэхэд номын сангийн чанартай үйлчилгээг үзүүлэх, суралцагчдад мэдээллийг эрх тэгш, нээлттэй хүргэх, бие даан суралцах нөхцөлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт бөгөөд бүтээлч таатай орчин бүрдүүлэх, техник технологид тулгуурласан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай номын сангийн бүхий л салбар шинжлэх ухааны ном, сурах бичиг, гадаад номын фонд, тогтмол хэвлэл, оюутны бие даалтын хэсэг, ном бүрдүүлэлтийн хэсэг төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд номын сангийн үйлчилгээг даваа-баасан гарагт 8:00-20:00 цагийн хооронд, төгсөлтийн шалгалт болон улирлын шалгалтын үеэр уртасгасан цагаар ажиллаж, танхимаар болон гэрээр ном олгож үйлчилдэг. Магистрант, докторантын уншлагын тусдаа танхимтай.
Этүгэн их сургуулийн “Төв номын сан” нь хичээлийн II байранд 450кв.м талбай бүхий 200 уншигчийн суудалтай уншлагын 3 танхимд үйл ажиллагаа явуулдаг. 2015 онд ашиглалтад орсон. Номын сан нь чөлөөт сонголттой учир уншигчдын хувцас солих өрөө, дохиоллын хаалганы тусламжтай үйлчилгээ үзүүлдэг. Төв номын сангийн онцлог нь 2021-2022 оны хичээлийн жилд засвар хийгдэж нэмэлт 50 суудал нэмэгдэж, 30 ширээнд 60 залгуур суулгаж өгснөөр суралцагчид нөүтбүүк болон гар утсаараа үйлчилгээ авах боломж бүрдсэн. Мөн гэрэлтүүлэг бүрэн сольж, тааз, ханаа шинэчилж, камерын тоог нэмж, орчин үеийн агааржуулалтын системээр тоноглосон.
Салбар номын сан нь хичээлийн V байранд байрладаг бөгөөд 2020 онд ашиглалтад орсон. 300 кв.м талбайтай, 105 суудал бүхий орчин үеийн гэрэлтүүлэг болон, мэдрэгч хаалга, камер, электрон цаг, агааржуулалтын системээр бүрэн тоноглогдсон уншлагын 3 танхимтай. Энэ салбарын онцлог нь анагаах ухаан, эм зүй, био-анагаах ухаан, УАУ, БАБ, СӨБ-ийн шинжлэх ухааны ном сурах бичгийг төвлөрүүлэн зөвхөн танхимын уншлага үйлчилгээ үзүүлдэг. Тус салбарт VIP 2 өрөөнд шилэн самбар болон ухаалаг зурагт байрлуулж өгснөөр багаар ажиллах суралцагчид интернэтээс өөрийн хэрэгцээт мэдээ, мэдээлэл авах мөн онлайн хичээлээ үзэх боломжийг бүрдүүлсэн.
Үндсэн сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн хүртээмж
Этүгэн их сургуулийн Номын сан нь 7757 төрлийн 26,098 хэвлэмэл материалтай, үүнээс монгол хэлээр 4,717 төрлийн 19,288 ширхэг ном, англи хэлээр 1,278 төрлийн 2,945 ширхэг ном, орос хэлээр 1,369 төрлийн 1,501 ширхэг ном, 207 судлаачийн бакалавр, магистр, докторын 222 бүтээл, 188 төрлийн 2339 дотоод, гадаадын сэтгүүлтэй.
Номын сангийн программ
2014 онд номын сангийн LIB4U.OPAC програм худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан. Уг програмыг ашигласнаар тайлан гаргах, тооллого хийх, уншигчийг цахим бүртгэлд бүртгэх, ном хэвлэлийг бар коджуулах, номын сангийн үйл ажиллагааг автоматжуулснаар гар ажиллагааг халж номын сангийн бүртгэлийн чанар сайжирч, үйлчилгээний хурд нэмэгдсэн. Тухайн програмыг шинэчлэн сайжруулах бүрт өөрийн номын сангийн үйл ажиллагаанд тохирох модулийг худалдан авч ашиглаж ирсэн. 2019 онд дэлхий дахиныг хамарсан цар тахал гарч хөл хорио тогтоож, зайны сургалт зохион байгуулагдсантай холбогдуулж суралцагчид цахим ном унших хэрэгцээ шаардлага тулгарсан тул 2021 оны 1 дүгээр сараас Lib4U.net үүлэн технологийн програм нэвтрүүлснээр уншигч вэб хувилбартай материалыг цахимаар унших боломж бүрдсэн.
Номын сангийн үйлчилгээ
Этүгэн их сургуулийн Номын сан нь 2 салбар номын сантай бөгөөд даваа-баасан гаригт 8:00-20:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулдаг. Багш, суралцагчид номын сангийн үйлчилгээг авахдаа цахим карт нээлгэн номын сангийн дүрэм журамтай танилцан үйлчлүүлдэг.
Ном, сурах бичиг гэрээр олгох журам
Номын тоо ширхэг | Суралцагч | Багш | Ажилтан |
20-с дээш хувьтай | 14 хоног | 2 сар | 1 сар |
10-20 хувьтай | 3-5 хоног | 1 сар | 7-10 хоног |
5-10 хувьтай | 2-3 хоног | 10-14 хоног | 3-5 хоног |
5-с доош хувьтай | 1 хоног | 2-3 хоног | 1 хоног |
3-с доош тоотой ном сурах бичгийг гэрээр олгохгүй |
Мөн сүүлийн жилүүдэд номын сангийн уламжлалт “Ном унших” үйл ажиллагааг автоматжуулж, орчин үеийн номын санг бий болгох зорилготойгоор цахим номын фонд бүрдүүлснээр уншигчид номын тоонд баригдахгүй, цаг хугацаа, орон зай үл хамааран интернэтийн орчинд ном унших боломжийг бүрдүүлж өгсөн нь ач холбогдолтой байна.