Этүгэн Их сургуулийн хамт олон ISO 21001:2018/2021 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж, ЭС ЭФ СИ ЭС ХХК-иар баталгаажуулсан гэрчилгээг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гардан авлаа.
ЭИС-ийн нийт хамт олон хичээлийн жилийн зорилго зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, сайн туршлага, Этүгэн соёл, хамтран ажиллах боломж, зарчмаа хэлэлцэн тодорхойлдог нийт ажилтнуудын нэгдсэн семинарын үеэр ISO 21001:2018/2021 Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны олон улсын стандартын батламж гэрчилгээг хүлээн авч, тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэн, удирдлага, багш, судлаач ажилтан бүр гарын үсэг зуран баталгаажууллаа.
ISO:21001 стандартын гэрчилгээ гардуулах үед ЭС ЭФ СИ ЭС ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өнөржаргал “ЭИС амжилттай нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаагаараа олон улсын жишигтэй хөл нийлж, багш оюутны хамтын оролцоонд тулгуурласан хөгжлийн шинэ шатанд хүрч, боловсролын салбарт түүчээлэн манлайлж, алсын хараа эрхэм зорилгоо биелүүлж, хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болж, хөгжих боломж олгодог сургалтын үйлчилгээг бий болгон, үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нээлттэй, судалгааны инноватив их сургууль болох эрхэм зорилгод хүрэх томоохон алхам болж байна” гэж хэлсэн үгэндээ онцлон дурьдав.
ЭИС-ийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ “ISO:21001 стандартыг хэрэгжүүлснээр манай сургуулийн бүхий л үйл ажиллагаанд чанар, итгэлцэл илүү сайжирч, зорилгоо хэрэгжүүлэх зам улам дөт болж байна” гэж хэлэв.
ЭИС-ийн нийт ажилтнуудын семинарт доктор, профессор тэргүүлэх аудитор С.Давааням ISO:21001 стандартын хэрэгжүүлэх боломж нөөц, мөн чанар, ач холбогдол зэрэг сэдвээр лекц уншиж, сайн туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO:21001 стандарт нь олон улсад 2018 онд, Монгол Улсад 2021 онд батлагдсан юм.