“БАГШ-ШАВИЙН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА

Этүгэн Их Сургуулийн Сувилахуйн сургуулиас нийслэлийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Багш–шавийн гэрээ” байгуулах үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сувилахуйн мэргэжлийн II дамжааны 160 гаруй оюутан мэргэжлийн дадлага, сургалтаа бодит ажлын орчинд эхлүүлэх боломжтой боллоо.

Энэхүү гэрээг Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Мөнгөнгүүр эрүүл мэндийн төвүүдтэй байгуулж хамтран ажиллахаар болов. Дашрамд дурдахад, Сувилахуйн сургууль нь хамтран ажилладаг эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй 17 дахь жилдээ “Багш–шавийн гэрээ” байгуулан, хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж байна.

“Багш-шавийн гэрээ”-ний хүрээнд оюутнууд мэргэжлийн дадлага, сургалтаа эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцож гүйцэтгэх бөгөөд туршлагатай сувилагч багш нарын удирдлага дор ажилласнаар мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, ёс зүй, хариуцлагыг эзэмшихийн зэрэгцээ ажлын байранд дасан зохицох чадвараа хөгжүүлэх ач холбогдолтой юм.