Этүгэн их сургууль суралцагчид болон төгсөгчдийнхөө эмнэлзүйн практик дадлага хийх боломжийг дээшлүүлэх зорилгоор "Mulan" бүтэн биеийн симуляцыг сургалтад ашиглах боллоо. Энэхүү симуляц нь яаралтай тусламж, анхны тусламж, гэмтлийн сургалтад өндөр ач холбогдолтой төдийгүй мэдрэл, дотор, уушиг, зүрх, судас, суурь болон лавшруулах тусламжийн эмнэл зүйн гардан үйлдлийн ур чадварыг бүх түвшинд дадлагажуулах зориулалттай юм.
Тус төхөөрөмжийг сургалт судалгаанд бүрэн ашиглаж хэвшүүлэх зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд цахим болон танхимын хосолсон сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтад Эрүүл мэндийн сургууль, Сувилахуйн сургууль, Инженер технологийн сургууль болон Уламжлалт анагаах ухааны тэнхимийн удирдлага, багш нар хамрагдлаа.
Сургалтын онцлог ба үр дүн:
- Цахим сургалт: Төхөөрөмжийг угсрах, холбоход шаардлагатай заавар, технологийн дарааллыг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн тайлбарлаж, ажиллах зарчим болон аюулгүй ажиллагааны дүрмийг практик дадлагатай хослуулан судалсан. Мөн бодит тохиолдолд суурилсан даалгаврууд дээр ажиллаж, туршлага солилцов.
- Танхимын давтан сургалт: БНХАУын Tellyes Scientific сангийн олон улсын бизнесийн хэлтсийн ахлах инженер Zhe Li инженерийг урьж оролцуулан, цахим сургалтаар эзэмшсэн мэдлэгийг бататгалаа. Инженер симуляцын бүтэц, угсралт, холболтын дараалал болон ашиглалтын аргачлалыг үе шаттайгаар үзүүлж, багш бүрээр бие даалган ажиллуулах замаар гарсан алдааг тухай бүрт нь засаж залруулсан юм.

Сургалтын үр дүнд багш нар онолын мэдлэгээ практиктай уялдуулан гүнзгийрүүлж, Мулан симуляцыг бие даан, аюулгүй, зөв зохистой ашиглах дадал чадвараа бүрэн бататгалаа.
