БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид Этүгэн их сургуулийн хятад оюутнуудтай уулзалт хийв

Этүгэн их сургуулийн Гадаад харилцааны алба болон Сургалтын бодлого зохицуулалтын алба БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус сургуульд суралцаж буй хятад оюутнуудтай 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд 7 хөтөлбөрийн 200 гаруй оюутан идэвхтэй хамрагдаж, Монгол Улсад аюулгүй сурч боловсрохтой холбоотой хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөг авсан юм.

Тус арга хэмжээ нь Монгол Улсад суралцаж буй гадаад оюутнуудын нийгмийн аюулгүй байдлыг хангах; дотоодын хууль тогтоомжийг таниулан сурталчлах; болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх; онцгой нөхцөл байдалд авах арга хэмжээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэв.

Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал ноён Ли Жи; Соёлын хэлтсийн нарийн бичгийн дарга хатагтай н.Туяа; Консулын хэлтсийн цагдаа Жаран Зургаа; Консулын хэлтсийн ажилтан ноён Ван Зижуо нарын төлөөлөгчид оролцож, оюутнуудад мэдээлэл хүргэлээ.

Арга хэмжээний зохион байгуулалтад Этүгэн их сургуулийн Гадаад харилцааны алба болон Сургалтын бодлого зохицуулалтын албаны гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Төлөөлөгчид оюутнуудад Монгол Улсын хууль тогтоомж, нийгмийн дэг журмыг хүндэтгэн сахихын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх практик зөвлөмжүүдийг хүргэлээ. Мөн гэнэтийн аюул, эрсдэлт нөхцөл байдал үүссэн үед хэрхэн зөв зохистой хариу үйлдэл үзүүлэх, Элчин сайдын яамнаас оюутнуудад үзүүлдэг консулын тусламж, үйлчилгээний сувгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ач холбогдолтой арга хэмжээ болов.