Анагаах ухааны их сургуулийн төлөөлөгчид зочиллоо

Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, Дотоод шүүрэл, дархлаа, эм судлалын тэнхимийн эрхлэгч профессор, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), Л.Ю Хамнуева, Гадаад харилцаа болон гадаадын оюутны асуудал эрхэлсэн проректор, Хүүхдийн өвчин  судлалын тэнхимийн эрхлэгч, Эрхүү мужийн их сургуулиудын ректоруудын зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,  дэд профессор Т.С Крупская нар  манай их сургуульд 2026 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зочиллоо.

Зочдыг ректор, профессор Б.Батсэрээдэнэ хүлээн авч уулзан тэднийг айлчлан ирж хамтын ажиллагааны талаар санал солилцож, сургуультай танилцаж байгаад талархалаа илэрхийлээд цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөрүүд, хамтарсан сургалтын боломж, мэргэжлийн болон судалгааны  түншлэлийг хөгжүүлэх, багш нарыг эрдэмжүүлэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр санал солилцов. Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, дэд профессор Б.Насанбаяр  “JoPPP Mongolia 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өгч,  салбар хоорондын харилцаа холбоог тогтоох, тус хуралд эрдэмтэн, судлаач,  багш, суралцагчдаа оролцуулж хамтран ажиллахыг урив. Этүгэн их сургуулийн талаас сургалт, эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлууд, эрүүл мэндийн сургуулийн анагаахын тэнхимийн эрхлэгчид, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтнүүд оролцов.

Эрхүүгийн анагаах ухааны  их сургуулийн төлөөлөгчид сургуулийнхаа сургалт, судалгаа, гадаад хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж богино хэмжээний кино үзүүлэв.  Этүгэн их сургууль ба Эрхүүгийн анагаах ухааны их сургууль хоорондын үйл ажиллагааны  хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батамжлах бүрэн боломжтойг илэрхийлээд  гарын үсэг зурлаа.

Этүгэн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, академич С.Нямзагд зочдыг хүлээн авч уулзлаа. Академичийн уулзалтаар хоёр их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн болон судалгааны чиглэлийн түншлэл болон багш, судлаач, оюутан солилцоог хөгжүүлэх, эрдэм шинжилгээний туршлага солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зэрэг академик арга хэмжээг хамтран зохион байгуулах, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл  солилцох чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүдийг танилцуулав.

 Уулзалтад Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг, Нүүр ам судлалын сургуулийн захирал, доктор, профессор Б.Оюунбат, гадаад харилцааны  хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн, профессор Л.Гүрбазар нар оролцов.

Уулзалтын хөтөлбөрийн хүрээнд зочид Этүгэн  их сургуулийн эрүүл мэнд, сувилахуй, нүүр ам судлалын сургуулиудын  лаборатори, кабинет, ур чадварын төв, цахим эмнэлэг, Төв бассейн, Оюутны хөгжлийн төвтэй танилцав.

  Эрхүүгийн Анагаах  ухааны их сургуулийн проректорууд нь Этүгэн их сургуулийг 2026 онд төгсөгчдөд  диплом, энгэрийн тэмдэг гардуулах, мэргэжлийн цол олгох, тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцон төгсөгчдөд баяр хүргэв. Мөн АУИС-ийн  ректорын мэндчилгээг  уншиж танилцуулаад зарим төгсөгч нарт диплом, энгэрийн тэмдэг, тамга гардууллаа.

Энэхүү айлчлал нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, академик солилцоог хөгжүүлэх, хоёр их сургуулийн түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой болов.

Гадаад харилцааны хэлтэс